Болчимгүй нэр дэвшигч Доналд Трампаас болж даян дэлхийн байдал нэн доройтож болзошгүй . Тэр "Монгол бол Хятадын хэсэг" гэж мэдэгдсэн хэмээн нэг хүн надад хэлсэн боловч тэр нь батлагдахгүй байна.

Гэхдээ ер нь тиймэрхүү бодолтой хүн шиг. Хаффингтон Пост гэх интернет-хэвлэлд "Трамп Монголыг Хятадын хэсэг гэж үздэг" гэх санааг цухалзуулсан.

Трамп "Бид Мексикийн хил дээр Цагаан хэрэм шиг том хэрэм барих ёстой. Цагтаа Хятад хүсэмжгүй хүмүүсээс сэргийлэн энэ хэрмийг босгож байсан. Монгол бол Азийн Мексик юм" гэж ток-шоу дээр хэлж, Монголын цагаачид Хятадыг зовоогоод байсан мэт зүйл хэлсэн байдаг.

"Хятад юаний ханшаа бууруулж, Америкийг хүчиндэж байна" гэж болхи бүдүүлгээр үндэслэл муутай үг хэлж алмайруулснаас биш, тэр Хятадад тал бүрийн таатай бодлого явуулж дэмжнэ гэдгээ илэрхийлж ирсэн. Хөрш улсуудын газар нутаг руу тэлэлт хийх гэсэн Хятадын санаархлын талаар юу ч хэлээгүй. Харин ч "Япон, Солонгосоос цэргээ татна" гэсэн нь "дэмжнэ" гэсэнтэй агаар нэгэн дуулдаж буй.

Ерөнхийлөгчийн хугацаа нь дуусч байгаа Обамагаар яахав гээд доромжлох болсон Хятад Трампад их найдлага тавьж байна. Хятадуудын олонхи Трампад талтай байгаа бол, Хиллариг огт сайшаахгүй байгаа. Трампын шоунд хятадууд их дуртай. Хиллари АНУ-ын уламжлалт бодлогыг баримтална, Хятадын газар нутгийн тэлэлтийг зөвшөөрөхгүй, Япон, Солонгос, Австрали, Филиппин, Тайланд улсуудтай энэ талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ, Хятад Африк дахи неоколоничлолоо зогсоо гэж байгаа бол Трамп ОУ-ын харилцааг мөнгөний л голдрилд оруулах гэж зүтгэх магадлалтай нэгэн.

Америкийн Жириновский гэгдсэн энэ хүн Хилларигийн мэдээлэл рүү хакердан нэвтрэх санаагаа Оросын ЗГ-ын хүчээр гүйцэлдүүлсэн гэгдэж буй. Крымийг ОХУ өөртөө хавсарган нэгтгэснийг АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр ажиллана гэдгээ илэрхийлсэн. Нэгэн уулзалт дээр "Украины асуудлыг мэдэхгүй" гэж асуултаас бултан гайхашруулсан. Оросын РТ телевизэд ярилцлага өгч, баахан сонин сонин юм ярьчихаад, Оросын ТВ-д ярилцлага өгснөө мэдээгүй гэж мэлзсэн. Тэрбээр АНУ-ын бодлогыг 180 хэм эргүүлэх хүсэл өвөрлөдөг бололтой юм. Тэгвэл Монголын талаар ямар ч хачирхалтай бодлого баримталж магадгүй.

Шовинист гэгддэг тэр мусульмануудыг АНУ-д нэвтрэхийг хориглоно гэж авсан. АНУ-ын ардын баатар, ислам шашинтан Хумаюн Ханы тухайд "дөвийлгөх хэрэггүй, би ч ажлын байр бий болгож түүнтэй адил сайн үйлс хийсэн" гээд, эцэг Хизр Ханыг нь "битгий олонд хандаж хүүгийнхээ тухай ярь, нийгэмд сөргөөр нөлөөлнө" гэж дууг нь хорьсон. Ирак дахь дайныг Трамп дэмжиж байсан хэрнээ, эсэргүүцэж байсан гэсэн нь олон худал үгийнх нь нэг. "Хиллари Клинтон насан туршдаа ИУ бүлэглэлийн эсрэг тэмцсэн" гэж бурсан.

АНУ-д анх ийм тавьтиргүй популист нэр дэвшээд зогсолгүй, олон сонгогчийн дэмжлэгийг хүлээж байгаа ажээ.

Ч.Мөнхбаяр