1995 оны гуравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Баабар, Бат-Үүл, Да.Ганболд, Б.Даш-Ёндон гуай нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.

 

Манайхны хэн нэгний, бодоход, ёжлоочоороо нэрд гарсан Баабар өөрөө л биз, хошигосноор Бат-Үүлийн ”энгэр цооров”гэнэ.

 

Яахаараа МАХН-ын баярын өдөр тэднийг шагнадаг билээ гэж хэн нэг нь гайхан асууж магадгүй юм.Гэтэл цаанаа их учир жанцантай өдөр болохыг нь Ерөнхийлөгч Очирбат гуай соргогоор олж харсан байдаг.

 

Өөрөөр хэлбэл, 1921 оны гуравдугаар сарын 1 бол зөвхөн МАХН-ын төрсөн өдөр гэдгээрээ гол биш, харин Монголын түүхэнд анхны улс төрийн нам бий болсон өдөр юм шүү гэдгийг төрийн холч ухаантай тэр хүн олж хараад, жил бүрийн гуравдугаар сарын 01-нийг Улс төрийн намуудын өдөр болгон тэмдэглэх тухай зарлиг гаргасан юм билээ. Ингээд Монголын ард түмэнд шинэ үеийг авчирсан хувьсгалд маргашгүй хувь нэмрээ оруулсан намуудын дарга нарын зүтгэлийг үнэлэн "нэг амьсгаагаар" шагнасан хэрэг.

 

Тэгээд яахав дээ, хэн нэгнийхээ "цоорсон энгэрийг нөхөх" гэж айхтар том баяр хийдэг нь монголчууд бидний тийм ч муухай биш зан. Зовлонг ч хамтдаа туулдаг, жаргалд ч хамтдаа ташуурдаг л болохоор, орой нь манайд гэнэт л цэцэгтэй, дарстай партизануудын десант буулаа. Зөвхөн партизануудын ч биш, гэр орныхон, хар багын найз нар гээд баахан хүмүүс ирж, гурван өрөөнд маань чухам батганын хушуу ч багтах зайгүй боллоо. Тэгнэ чинээ санаагүй байсан бид хоёр мөн ч их барьц алдсан даа.

Одонгийн баяр хүргэлт нэг хоёр өдрөөр дууссангүй.

 

Үүл тэгэхэд УИХ-ын гишүүн ч юм уу, өөр ямар нэгэн том албан тушаалтай, мундаг эрх мэдэлтэй байсан бол зусардацгааж байна гэж хар санахсан. Гэтэл ердөө л нэг намын нарийн бичгийн дарга хүнийг одон авахад нь өөрсдөө л шагнуулсан юм шиг тэгтлээ их баярлаж байсан нь миний муу нөхөр хөөрхий, бас ч гэж бусдын сэтгэлд үлдэх юмтай л хүн юм даа гэж бахархан бодсоноосоо үл ичнэм. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гэдгийг тэгж ч "зүгээр" л нэг тараагаад байдаг цаг биш байлаа шүү дээ. Одоогийнх шиг одон медаль, гавьяат мавьяатыг чинь хэн дуртай хүний энгэрт аваачиж наагаад, нэгэн сэтгүүлчийн хэлснээр "Гавъяат аваагүй хүн моодонд орчихсон" байсан биш шүү дээ.

 

Тэгтэл маргааш нь ч бил үү, нөгөөдөр нь ч бил үү, нэг орой Эрдэнэтээс Баасан-ханд Алтаа хоёр маань сэвхийтэл ороод ирлээ. Орж ирснээ том өрөө рүү ч яарсангүй, үүдэнд шивнэлдээд л байснаа хэлж байна шүү:

 

- Хүүш ээ, бид хоёр нэг найзтайгаа хамт Эрдэнэтээс ирсэн юм аа. Тэгсэн чинь Бат-Үүлийг одон авсанд нь баяр хүргэчихээд гаръя гэсэн юм. Ердөө л баяр хүргэчихээд гарна. Оруулчих уу, яахав? гэлээ.

 

Би ч "Тэгэлгүй яахав дээ, оруулалгүй яахав" гэлээ. Тэгсэн чинь нөгөө найз гэдэг нь Эрдэнэтийн УБҮ-ийн дарга Ш.Отгонбилэг гуай байдаг байгаа. Отгонбилэг болон түүний эхнэр Туяа нартай дотно найзууд гэж тэр хоёр өмнө нь ч ярьдаг л байсан юм. Ирэхдээ санаандгүй зам нийлсэн юм байх, манай хоёр "Бат-Үүлийндээ орж баяр хүргэнэ ээ" гэж ярихад нь "Өө, та нар тийм сайн найзууд юм бол би ч гэсэн баяр хүргээд гаръя, "Дүү хүүдээ" гэсэн юм билээ.

 

Отгонбилэг гуайтай тэгж танилисан юм. Урьд нь ямар уулзаж байсан биш бид хоёр нэрийг нь сонссоноос цаашгүй. Нэг их сайхан нүүр дүүрэн инээсэн, эрч хүчтэй, өндөр сайхан биетэй, хэнийг ч хамаагүй "Дүү хүү" гэж дууддаг цайлган зантай хүн байх юм аа.

 

Идээ будаа, бууз хуушуур боллоо. Манайд тэр орой бас л хэдэн найз маань ирчихээд шуугилдаж байсан юм. Дуу шуу болчихсон, төгөлдөр хуураа балбаад, "Хонх-оо" дуулаад эхэлчихсэн. Отгонбилэг гуай биднийг харчихаад "Дарга ч гэсэн ардчилсан л хүчнийх юм болохоор гэр орон нь ч бас ардчилсан л байдаг юм байна ш дээ" гэж тас тас хөхрөөд л, манайхантай бүгдэнтэй нь танилцан, нэр усаа мэдэлцэж байсан сан.

 

Тэгээд бас болоогүй ээ, "Би одоо Үүлийн эхнэр гэхээр томоос том бүдүүн улаан буриад хүүхэн угтах юм байх л гэж бодсон чинь ийм жаахан гялалзсан бор хүүхэн байдаг байна шүү дээ" гээд инээдэм болцгоов. Манайд удсан ч үгүй, нэг ч их тухласангүй. Баяр хүргэж хундага өргөөд "За тэгээд одон авсанд чинь баяр хүргэе. Танай нөхөр чинь төрд хэрэгтэй зайран юм шүү.

 

Наадахийгаа сайн гэгч нь харж халамжилж яваарай. Өрх гэр өнгөлөг аз жаргалтай, өрхийн тэргүүний хий морьтой явах нь эхнэрээс нь л шалтгаалдаг юм шүү дээ. Эр хүн яахав, гэртээ толгой нь л байдаг. Хүзүү нь бол эхнэрүүд та нар шүү дээ. Хааш нь залах нь та нарын л арга барилынх. Ах нь чамд энийг л хэлье.

 

Эрдэнэтээр очвол та хоёр манайхаар орж байгаарай. Манай Эрдэнэтийн Сэлэнгэ амралтанд очиж амарч байгаарай" гээд хундагатайгаа ганцхан хөнтөрчихөөд гараад явж билээ. Түүнээс хойш, Үүл Отгонбилэг хоёрын дунд ердийн сайхан нөхөрсөг харилцаа тогтож билээ. Гэр орноороо зөндөө л орж гарцгааж явж...

 

Б.Дэлгэртуяагийн "Үүл бид хоёр" номноос