Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо Дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Нээлтэнд УИХ-ын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Х.Нямбаатар, Н.Учрал, НИТХ-ын тэргүүлэгч Д.Баярсайхан, С.Мөнхчулуун нар оролцож нэр дэвшигчиддээ амжилт хүслээ.

Дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нийт 41 төлөөлөгч нэр дэвшиж байгаа бөгөөд эдгээр нэр дэвшигчид Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг анхан шатанд хэрэгжихэд хамгийн чухал нөлөө үзүүлэх хүчтэй баг байна гэдгээ илэрхийллээ. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос "ХҮН"-ээ дээдэлсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ.

Сонгинохайрхан дүүрэг нь 300 гаруй мянган хүн амтай, 32 хороотой бөгөөд тулгамдаж буй олон асуудал байдаг. Харин Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулан мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Сонгинохайрханчууд УИХ болон ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь сонгосон бөгөөд төрийн бодлого шийдвэрийг амьдрал болгон хэрэгжүүлэх дүүргийн ИТХ-ын сонгуульдаа ч МАН-ын нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа.

Т.Улаан