Хотын дарга Э.Бат-Үүлийн тэнэг шийдвэрүүдийг хараад тэсэхээ болиод энэхүү бичвэрийг сараачаад сууж байна. Хэлж байгаа үгс, хийж байгаа үйлдэл нь үргэлж л хүний эсрэг байх юм.

Тэр хүнд хэлэхэд “Улаанбаатар хотод хүн амьдардаг юм шүү дээ”. Нэг сая хүн амьдардаг, амьдрахын төлөө зүтгэдэг нийслэл хотыг удирдаж байгаа дарга хүн байж юмны зөв бурууг ялгаж чаддаг л баймаар юм.

Өөрийн дуртай дургүйгээр асуудалд хандаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргаад байж боломгүй. Олон юм нуршилгүй гол хэлэх гэсэн зүйлээ хэлье. Хотын даргын гаргаж байгаа шийдвэрүүдээс хараад байхад ерөөсөө хүний төлөө биш харин хүний эсрэг зүйлсийг ар араас нь гаргаж байна. Тэр хүнд ерөөсөө нийслэлийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах талаар ямар ч бодсон юм алга. Зүгээр л хотын гол барилгажсан хэсгийг нь улам сайхан болгохын төлөө л улайран зүтгэж байна.

Товчхондоо Сүхбаатарын одоогийн шинэ нэрээр бол Чингисийн талбайгаа л тойруулаад л гоёж гоодоод байх юм. Гадныханд талбайгаа үзүүлээд л манай улс ийм сайхан гэж гайхуулах гэж байгаа юм уу. Яг л хойд солонгосчууд шиг. Үнэнийг хэлэхэд бид Хойд Солонгосчуудаас ч арчаагүй байдалтай байгаа юм шүү.

Хүнээ мартсан бодлого шийдвэрүүдээс нь жагсаая л даа:

Нэгдүгээрт: Буруу рультэй машиныг хориглох

Энэ бол тэнэгийн тэнэг шийдвэр байсан гэдгийг хэлье. Мэдээж мань хүнд энэ бол зөв юм шиг л санагдаж байгаа. Түүнд олон гэр бүлд таксинд явдаг ганц машин нь ямар чухал болохыг тэр ойлгохгүй. Эвдэрхий машинаа тордоод түүгээрээ өдрийн хоолоо олж амьдралаа залгуулахын зовлонг даана ч мэдэхгүй. Төрийн том машинаар насаараа үйлчлүүлсэн хүмүүсийг үүнийг яаж ч ойлгох вэ дээ.

Хоёрдугаарт: Хөшөө дурсгалыг буулгах

Хөшөө дурсгал ямар хоол гуйсан биш дээ. Олон сая төгрөг зарлагадаж хөшөө дурсгал буулгаж, зөөж байхын оронд тэр мөнгөөрөө ард түмнийхээ амьдралыг сайжруулах талаар юм хийж болмоор доо. Лениний хөшөө байлаа гээд хэн биднийг муу хэлээд байгаа юм бэ? Яасан Бат-Үүлийн нэр хүнд унах гээд байгаа юм уу. Одоо тэр Лениний хөшөөний оронд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг байрлуулах юм гэсэн. Яагаад Д.Нацаоржийн хөшөөг нүүлгэж байгаа вэ гэхээр олигархиудад газрыг нь өгч байгаагаас өөр шалтгаан байхгүй. Улс орон ядуу байхад хөшөө дурсгалд мөнгө үрэх хэрэггүй л баймаар. Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг шинэ хотын дарга жинхэнээсээ цээж өвчтэй юм даа.

Гуравдугаарт: Талбайн нэрийг өөрчлөв

Санал асуулгаар олонхи нь өөрчлөхийг дэмжив гээд л олонхийн нэрийг барьж юмыг хийдэг буруу дадал хэвшил манай нийгэмд бий болчихлоо. Үүний дагуу Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгочихсон. Хүмүүс эсэргүүцлээ гээд ямар Бат-Үүл тоох биш дээ. Энэ шийдвэр бол ерөөсөө хувь хүний сонирхлоор л хийгдсэн шийдвэр. Нөгөө социализмыг үзэн ядах синдром нь хөдлөөд л хийсэн.

Дөрөвдүгээрт: ТҮЦ-үүдийг буулгав

Улаанбаатар хотод хоногийн хоолны мөнгөгүй хичнээн өрх байгааг мэдэх болов уу энэ хүн. Тэд яаж амь зуудгийг үзсэн болов уу. Төрөөс мөнгө гуйхгүй байшин савны буланд ганц ТҮЦ бариад худалдаа наймаа хийж байгаа хүмүүсийг яагаад гадуурхана вэ? Яасан Э.Бат-Үүлийн хайрлан хамгаалаад байгаа хотын төвийнх нь үзэмжийг муухай харагдуулаад байгаа юм уу. Тэр ТҮЦ-ээр амь зуулгаа залгуулдаг хичнээн хүн байдгийг судалж үзсэн болов уу. Гудамжаар дүүрэн гуйлгачин, алхам тутамд тэрийн унах хүмүүсийнхээ төлөө гараа хөдөлгөхгүй мөртлөө мөрөөрөө амьдралаа залгуулж байгаа хүмүүсийг ингэж төрийн хүчээр дарамтлах хэрэг байдаг юм уу.

Тавдугаарт: Гурван тэрбум төгрөгний гэрэлтүүлэг

Энэ бол тэнэглэлийн дээд тэнэглэл. Улаанбаатар хотын хамгийн их гэрэлтүүлэгтэй газар ерөөсөө Сүхбаатарын талбайн ойр орчим. Гэтэл одоо түүний сайжруулж гурван тэрбум төгрөгөөр шинэ гэрэлтүүлэг хийнэ гэж байна. Яасан их мөнгөтэй хүн бэ. Улаанбаатар хотод олигтойхон ажлын байр олдохгүй учир ажилгүй тэнүүчлэн алхах хэдэн мянган залуучууд байгаа. Тэдний төлөө яагаад гараа хөдөлгөж болсонгүй вэ. Гурван тэрбум төгрөгөөр нэг жижиг үйлдвэр цех барьж болохоордоо. Гэтэл хэнд ч хэрэггүй, ямар ч ашиггүй зүйлд зарцуулахаар шийдэж байгааг нь хараад эрүүл ухаанаар шийдвэр гаргаж байна уу гэдэгт нь эргэлзэж байна.

Энэ мэт утгагүй, дэмийрсэн шийдвэрүүд хэд гарахыг мэдэхгүй байна. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд л ихэнхи ажлаа хийх юм. Хэний нүдийг гурилаар хуурах гээд ингэж их хичээнэ вэ. Төсөвлөж гаргасан энэ их мөнгөнөөс чинь гүйцэтгэгч компани болон хурган дарга нар чинь хэдийг нь халааслах бол доо.

Нийслэлийн иргэдийн амьдралыг сайжруулснаар бид илүү сайхан нийслэл хотыг бүтээж чадна гэж мунхаг биш сэтгэж байна. Харин хотын даргын шийдвэр хүнээ мартаж, өнгө, гадна хэлбэр лүү чиглэсэн хол явахгүй ажлууд байх юм. Ингэж худлаа юм хийх эсвэл хийсэн мэт түр эсгэх шаардлага байдаг юм уу.

Улаанбаатар хотод хүн амьдардаг юм шүү дээ Монгол улсын баатар, Ардчиллын алтан хараацай, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээ.