Ардчилсан намын VI Их хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Уржигдар АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс өнгөрсөн сонгуульд АН нь сөрөг хүчний худал амлалт, ор үндэсгүй гүтгэлгийн улмаас ялагдсан гэж үзэж байгаа нь харагдах бөгөөд харин намын удирдлагуудад огт хир халдаасангүй. Өөртөө болон АН-ын удирдлагын аппаратад ажиллаж байсан хүмүүст хир халдаах нэг ч үг унагаагүй түүний илтгэлээс онцлох санаануудыг түүвэрлэн хүргэж байна.

****
-2012 оноос өмнө гадаад худалдааны төлбөрийн тэнцэл хасах хоёр тэрбум 411 сая ам.долларын алдагдалтай, нийт импорт таван тэрбум 305 сая ам.доллараар нэмэгдсэн байтал Монголын Засгийн газар 2012 оныг хүртэл дөрвөн их наяд төгрөгийг халамжийн хэлбэрээр зүгээр тараагаад өгчихсөн байв. Энэ их мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Таван Толгойн олоогүй орлого 350 сая долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая долларыг урьдчилан авсан байдаг. Энэ дөрвөн их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой нэг ч бүтээн байгуулалт үлдээгүй ээ.

****
Ийм хүнд нөхцөлийг хүлээж авчихаад Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншигонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон.

****
Өнөөдөр Хөгжлийн банкаар дамжуулж бондын санхүүжилтийг авсан нийт компаниудын 60 хувь нь МАН-ын УИХ-ын гишүүдтэй хамааралтай байна. Ард түмэн энэ асуудалд нэр холбогдож буй улстөрчдийг сайн дураараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад, компаниа ажиллуулж өрөө төл гэж шаардаж байна.

****
Чингис бондыг МАН-ынхан их шүүмжилдэг. Үнэндээ МАН–ын дарга нарын баяр баясгалантайгаар тууз хайчлан нээж байгаа үйлдвэр, аж ахуйн барилга байгууламж, авто зам бол Чингис бондын хөрөнгийн зээлээр хийж байгаа бүтээн байгуулалтын үр дүн. Цаашид ч МАН бондын хөрөнгөөр босох олон арван үйлдвэрийн туузыг хайчлах болно.

****
Бид 2012 онд амжилттай эхлүүлсэн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, шинэ шатанд гаргах хөтөлбөртэй байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа бол өнгөрсөн 4 жилд тавьсан аж үйлдвэржилтийн суурийг улам бэхжүүлж, монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр эрчимтэй экспортлон, нийт ажил эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах явдал юм.

****
Үнэхээр, өнгөрсөн сонгууль манай намын хувьд улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд үед, магадгүй 26 жилийн туршид тохиосон хамгийн хүнд нөхцөлд болж өнгөрлөө. Энэ сонгуульд манай нам ялж чадаагүйн цаана олон хүчин зүйл, шалтгаан бий. Биднээс шалтгаалсан, үл шалтгаалсан хүчин зүйлүүд ч байсан.

****
Сонгуулийн дараа маш олон журмын нөхөд маань надад нэг л асуултыг олон дахин тавьж байсан юм. “Яагаад сонгуулийн сурталчилгааны эцсийн өдөр, санал хураалтаас ганцхан өдрийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ худалдан авсан тухай мэдэгдлийг олон нийтэд зарлав аа? Сонгууль дуустал хүлээж болоогүй юм уу?” гэсэн асуулт байлаа.

****
Дээрх үйлдэл нь тухайн үед баримт нь дэлгэгдээд байсан “МАН-ын албан тушаал наймаалцах 60 тэрбум төгрөгийн төслийн” тухай асуудлаас сонгогчдын анхаарлыг холдуулах гэсэн МАН-ын башир арга байсан юм. “Эрдэнэт үйлдвэрийг Ардчилсан намынхан сонгуулийн өмнө яаран хувьчилж авлаа” гэдэг гүтгэлэг нь сонголтоо шийдээгүй сонгогчдыг МАН руу түлхсэн үйл явдал болсон гэдэг нь судалгаанаас болон манай намын нэр дэвшигчдийн ажиглалтаас илт харагдаж байгаа.

****
Сонгуулийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн өөр нэгэн ноцтой үзэгдлийн талаар хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол “царцааны нүүдэл” гэх нэр томьёотой, тухайлсан тойрогт сонгогчдыг санал өгүүлэх зорилгоор сонгуулийн үеэр олноор нь нүүлгэн шилжүүлэх үзэгдэл юм. “Царцааны нүүдлээс” болж Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгуудад Ардчилсан Намын нэр дэвшигчдийг унагаахад нөлөөлсөн нь бодит баримтаар нотлогдож буй.

****
МАН-тай 2014 онд эвсэл байгуулсны гол зорилго нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил байсан боловч харамсалтай нь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгаран Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан бол бид байнга үүсэж байдаг улс төрийн хямрал, засаглалын зөрчилдөөнийг арилгах боломжтой байх байлаа.

****
Сонгууль болохоос сар гаруйхны өмнө бүхэл бүтэн сонгуулийн систем нь Үндсэн Хуулийн цэцийн шийдвэрээр өөрчлөгдөж, шинээр үүссэн нөхцөлийг цаг хугацааны хувьд шийдвэрлэх боломжгүйгээр сонгуульд орсон. Ямар ч байсан сонгуулийн хууль намын нэрсийн жагсаалтгүй болсон нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

****
2012 оны сонгуулиар өрсөлдөгч МАН нь МАХН, МАН гэж хоёр хуваагдсан байсан нь сонгуульд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. МАХН санал хувааж 2012 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчдийг ялахад шууд нөлөө үзүүлсэн.

2016 онд МАХН-ын өмнөх сонгуульд нийт сонгогчдоос авч байсан 18 хувийн дэмжлэг найман хувь болж буурч, зөрүү 10 хувь нь МАН-д шилжсэн байна. Энэ нь МАН-ын ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн санал авч УИХ-д олонх болж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд мөн л нийт сонгогчдын 33 хувийн саналыг авчээ. Бидэнд итгэж санал өгдөг сонгогчдын суурь саналын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 1000 хүртэлх саналын зөрүүгээр ялагдсан манай намын нэр дэвшигчийн тоо 14 байна. Хэрвээ санал хуваагч нам байсан бол эдгээр тойргууд дээр ялалт авах магадлал өндөр байсан гэсэн үг.

****
Цаашид ямар нэг санал хуваагч улс төрийн хүчний орон зай хумигдаж байгаа учраас бид зөвхөн өөрсдийн хүчин чармайлт, бололцоогоо бүрэн ашиглаж сонгуулийн стратеги тактикаа боловсруулах цаг ирснийг ойлгох хэрэгтэй болж байна.

****
Ард түмэн маш богино хугацаанд үр дүн хүсч байдгийг эндээс харж болно. Өнөөдөр ч гэсэн МАН-ын сонгуулиар амласан эдийн засгийн 17 хувийн өсөлт, долларын төгрөгийн ханш 1400, 21 мянган төгрөгийн халамж энэ бүгд буцаж ирнэ гэдэг хүлээлттэйгээр хөвөгч сонгогчид сонголтоо хийсэн. Харамсалтай нь, эдгээр нь эдийн засгийн ийм нөхцөлтэй үед хэрэгжих ямар ч боломжгүй гэдгийг өнгөрсөн таван сарын үйл ажиллагаанаас бид харлаа.

****
Худал амлахаас гадна “Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй” гэх ор үндэсгүй гүтгэлэг тарааж ялсан. Манай улсын сүүлийн 26 жил авсан 22 тэрбум ам.долларын зээлийг бүгдийг нь улсын хувийн гэж ялгалгүй нийт иргэдээрээ төлүүлнэ гэсэн. Ямар ч зээлийг авсан хүн нь, компани нь барагдуулдаг хуультай.

****
МАН-ын төрийн албаны УРГИЙН мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж, төрийн албыг ах дүү, хамаатан садан, эхнэр хүүхэд, худ ургийн хэлхээ холбоогоор удирдаж байна. Үүний үр дүнд төрийн жинхэнэ албан хаагчид ажлаасаа халагдаж, гудамжинд гарч байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 20 мянган төрийн албан хаагчийг халах төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 12 мянга орчимд хүрээд байна. Ийм хэмжээний балмад улс төржилт Монгол Улсын түүхэнд тохиож байсан удаагүй.

****
Ардчилсан намын үед Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал хэвийн үргэлжилж байсан, дэвшилт гарч байсан. Хоёр хөрштэй үүсгэсэн Гурван талт хэлэлцээр хэвийн үргэлжилж, Талын зам, Эдийн засгийн коридор, Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа гэх мэт томоохон төсөл, санаачилгууд амжилттай эхлээд, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамруулахаар яригдаад явж байсан. Гэтэл, өнөөдөр МАН сонгуульд ялж засгийн эрхэнд гарснаар энэ бүхэн зогсонги байдалд орж, зарим томоохон төслүүд өөрөөр шийдэгдэж эхэллээ. Манай нутгийг тойруулан хоёр хөрш маань хурдны төмөр зам тавьж эхэллээ.

****
Эрх баригч хүчин хилийн цэргийг хилийн цагдаа болгож, хамгаалалтын бүсийг 100 км-ээс багасгаж 15 км болгох, улмаар хилийн хамгаалалтын түвшинг бууруулахаар санаачилга гаргаж, хууль тогтоох түвшинд илэн далангүй илэрхийлж байгаа нь болгоомжлол, эргэлзээ төрүүлж байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой хэзээ ч өөрчилж болохгүй дархан эрх ашиг мөн.

****
Бурхны шашны тэргүүн Далай лам бурхан номынхоо ажлаар манай улсад ирж л байсан, явж л байсан. Олон тохиолдол бий. Монголын төр засаг энэ асуудлыг урд хөрштэйгөө дипломат аргаар зохицуулж чаддаг байсан. МАН төрийн эрх авчихаад энэ ажлаа ч хийж чадахгүй, харилцан айлчлалынхаа хөтөлбөрийг цуцлуулчихаад, хил дээр хураамж нэмүүлчихээд буруутан хайгаад сууцгааж байна. Ийм дорой байж болохгүй. МАН-ынхан ажлаа хийцгээ.

****
Дэлхий ертөнцийн байдал жилээр биш, сараар өөрчлөгдөж байна. Энэ бүхнээс үзэхэд МАН-ын УИХ, ЗГ гадаад бодлогын асуудалд анхаарал хандуулж, дэлхийн гадаад харилцааны шинэ хандлагатай хөл нийлүүлж алхах цаг болж. Энд ямар нэг алдаа гарвал Монголын ард түмэн хохирно гэдгийг бид анхааруулж байна.

****
Манай УИХ, Засгийн газарт оффшор данстануудтай эвлэрэхгүй байх хүсэл эрмэлзэл байх юм бол тэдний мэдээлэл, мөнгөний хэмжээ, гүйлгээний түүх гэх зэргийг албан ёсоор тодруулан илчлэх бүрэн боломжтой болсон. Оффшор данстануудын асуудлыг цэгцэлж, зугтаалгасан их хэмжээний мөнгийг авчирч эдийн засгаа босгоход хувь нэмэр болгох ажлыг зохион байгуулахыг МАН-ын удирдлагад уриалж байна.

****
АН-ын үед тавьсан энэ их өр зээлийг яах вэ гэдэг улиг болсон МАН-ын “гоншигонолыг” бүтэн таван сар сонслоо. АН засаг барьсан дөрвөн жилд олон улсын зах зээл дээрх газрын баялгийн үнэ тасралтгүй буурч байсан бол өнөөдөр коксжих нүүрсний үнэ гэхэд дөрвөн жилийн өмнөхөөс 10 дахин өсч тонн нь 300 орчим ам.доллар боллоо. Тэгвэл 40 сая тонныг олборлож ядаж 100 ам.доллараар борлуулбал дөрвөн тэрбум ам.долларын орлого олж, ДНБ-ээ 25 хувиар өсгөх боломж байна гэж гадаадын мэргэжилтнүүд үзжээ. Төрийн өмчит “Эрдэнэс ТТ” компани энэ 40 сая тоннын 20-30 саяыг төвөггүй гаргах боломжтой. Эндээс харахад 5-10 жилийн дараа төлөх “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларыг хоёр нугалах гурван тэрбум ам.долларыг 2017 онд зөвхөн “Эрдэнэс ТТ” компани дангаараа олох боломжтой байна. Ардчилсан намынхан дотроо хагаралдлаа, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь хэрэлдлээ хэмээн муу хэлүүлэн, хэлүүлэн авч үлдсэн Эрдэнэс Таван толгой маань ийм гүнзгий ач холбогдолтой орд байсан юм.

****
Эрх баригч МАН-ынхан дөрвөн тэрбум долларын өр тавихын оронд, 40 сая тонн нүүрсийг хурдхан зарчих. Тэгвэл эдийн засгаа 25 хувиар өсгөх боломж байна. МАН-ынхан ажлаа хиймээр байна.

****
МАН-ын Төрийн ажлын туршлагагүй мэргэжлийн бус сайд, дарга, Монгол банкны Ерөнхийлөгч нар Монголын эдийн засгийн чадамжийн талаар эдийн засгийн ямар ч бодлогогүй бүдүүлэг тайлбар хийснээс Монголын нэр хүндийг дэлхийн дэвжээн дээр гутааж, эдийн засгийн доройтлыг бий болгосон гэдгийг эдийн засаг гадарладаг хүн бүхэн ярьж байна. Ийм хариуцлагагүй албан тушаалтнууддаа МАН хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

****

Ард түмний өмч болох Таван Толгойн ордыг хувьдаа авахаар Кэйманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн компанийн лобби Монголын улс төрд хүчтэй орж ирснээр Монгол Улсад улс төрийн, засаглалын хямрал авчирсан. Нам дамнасан олигархуудын бүлэглэл Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хууль тогтоомжийг уландаа гишгэж их хэмжээний өрөнд орсон компаниа аврахын тулд нийт ард түмний өмч болох дэлхийд хосгүй орд газрыг гадны компанид бэлэглэх гэж улайрч байсныг бид бүгдээрээ мэднэ.

****
Ардчилсан намын УИХ-д байсан эх оронч олон гишүүн, бусад намын гишүүдтэй хамт энэ том луйврыг нэг удаа зогсоож чадсан ч цаашид энэ нам дамнасан олигархууд ард түмний өмч болох Таван Толгойн нүүрсний орд руу дахин дайрч болзошгүй хэвээр байна.
****
Ардчилсан намыг толгойлж байсан дарга нараас ганцхан Н.Алтанхуяг намын даргын хувьд намын дүрмийн дагуу Ерөнхий сайдаар томилогдсон байх жишээтэй. Түүнээс бусад тохиолдолд өөр хүн Ерөнхий сайд болж байсан түүхээ эргэн саная. Жишээ нь, 1996 онд Ц.Элбэгдорж намын дарга байхад “Ардчилсан Холбоо” эвсэл сонгуульд ялалт байгуулж, тэрбээр Ерөнхий сайд болох байтал М.Энхсайхан урдуур нь орж Ерөнхий сайд болж байлаа. Хоёр жилийн дараа намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаа авч байв. 2004 онд эвслийн Засгийн газар байгуулах үед М.Энхсайхан Намын дарга байсан боловч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр энэ дүрмийн бус “хариугаа авах” гэсэн томилгоо аймаг, сум, дүүрэгт халдварлаж ужгирснаас намын дотоод ардчиллын зарчим алдагджээ. Иймээс энэ гажуудлыг дүрмээр засах хэрэгтэй.

****
Сонгуульд ялагдсан тохиолдолд бүх шатны намын удирдлага ямар ч маргаангүйгээр өргөдлөө өгч чөлөөлөгдөх бөгөөд дараагийн дөрвөн жилд тухайн шатныхаа намын удирдлагад өрсөлдөхгүй байх ёс зүйн дэг жаягийг хэвшүүлэх хэрэгтэй.

****
Дараа дараагийн олон сонгуульд намын эв нэгдлийг илэрхийлсэн, олны хүндэтгэл хүлээсэн, албан тушаал, эдийн шуналаас ангид, нэр цэвэр гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлж ялалт авчрах нь манай намын гол зорилго байх болно. Энэ шалгуураар нэр дэвшигчээ тодруулж чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох ард иргэдийнхээ итгэлийг буцааж олох үндсэн нөхцөл байх болно.