Агаарын бохирдлын улмаас ямар өвчин үүсэж байгаа, үүний улмаас өнгөрсөн жил хичнээн хүүхэд эндсэн талаар бид өчигдөр хүргэсэн билээ. Нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэгвэл өнөөдөр агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж байгаа хүүхдүүдийг яагаад хамгаалах ёстой, ямар эрсдэл гарч болох, хэрхэн сэргийлэх талаар бэлтгэлээ.

Агаарын бохирдлын улмаас хүүхэд амьсгалын доод замын цочмог халдвараар өвчлөх, өвчний дарамт үүсэн улмаар агаарын бохирдлоос үүдсэн архаг өвчлөлүүдэд илүү өртөмтгий болдог. Тухайлбал, уушигны хөнгөн эсвэл хүнд хэлбэрийн хатгалгаа тусах нь наад зах нь нэг архаг өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба энэ нь ихэнхдээ уушигны үйл ажиллагаа муудах үр дагаварт хүргэдэг. Түүнчлэн агаарын бохирдлын өртөлт ба олон удаа хатгалгаа өвчин тусах нь хүүхдийн цаашдын амьдралд агаарын бохирдлоос үүдсэн архаг өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр өвчлөлд өртөмтгий байдал нь хэзээ өртөхөөс үл хамааран үр дүн нь харилцан адилгүй байдаг. Гэхдээ амьсгалын доод замын өвчлөлийн хувьд дийлэнхдээ жирэмсэн үеэс эхлэн хүүхэд 2 нас хүртэлх хугацаа байдаг ба тэр дундаа агаарын бохирдолд хамгийн өртөмтгий байх эмзэг үе нь хүүхэд төрсний дараах эхний 2-3 сар юм. Нөгөө талаас амьсгалын замын архаг өвчинд хүргэдэг агаарын бохирдлын өртөлт нь уушиг бүрэлдэн хөгжих бүх явцын турш нөлөөлж болох ба эн нь эрхтэн тогтолцооны хөгжлийн үе шат, бүрэлдэж гүйцсэн үеийн өртөмтгий байдлаас хамаарна. Уушигны бүтэц, үйл ажиллагаа нь ургийн хөгжил, эсвэл төрсөний дараа зэрэг хамгийн эмзэг цаг үед орчны нөлөөлөгч хүчин зүйлсээс хамаарч өөрчлөлтөд ордог.  Уушигны хөгжлийн дийлэнх нь ургийн хөгжлийн үед явагддаг бөгөөд жирэмсэний үеийн эхийн тамхидалт, дам тамхидалт нь ургийн уушигны хөгжилд эргэлтгүйгээр нөлөөлдөг талаар хангалттай судалгаа хийгдсэн байдаг. Нялх, хөлд дөнгөж орж буй хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрц сул хөгжилтэй байдгаас уушигны агааржилт муу, уушигны үлдэгдэл агаарын эзэлхүүн бага байдаг. Уушигны цулцангийн хөгжил нь 3 настайд бүрэн хөгжиж гүйцэх ба цаашдаа зөвхөн хэмжээ нь л томордог. Цээжний хэнхэрцэг болон уушигны уян хатан чанар 7-8 нас хүртэл аажим томордог бол энэ наснаас хойш уушигны хэмжээ эрчимтэй томордог байна.

Уушигны хөгжлийн талаар энд дурьдаж байгаа нь уушигны хөгжил хүүхэд насанд явагдаж гүйцдэг учраас агаарын бохирдлын өртөлтийг бууруулах арга хэмжээг хүүхдийн хөгжлийн бүх үе шатанд авах шаардлагатайг нотолж байгаа юм. Тэгэхээр хатгалгаа өвчин, уушигны хөгжилд нөлөөлөх агаарын бохирдлын өртөлтийг бууруулах арга хэмжээг хүүхдийн хөгжлийн эхэн үед гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх нь тэргүүлэх чиглэл байх ёстой болж байгаа юм. Гэхдээ сургуулийн насны хүүхдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх нь хожим насанд хүрэхэд агаарын бохирдлын сөрөг нөлөөллийг бууруулахад үр дүнтэй байдаг. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчинд эмзэг байх нь хүүхдийн наснаас хамаардагийг ойлгох нь чухал бөгөөд энэ нь хүүхэд насанд өртөлтийн орчин нэлээд их өөрчлөгддөгтэй холбоотой. Үйл хөдлөл цаг хугацааны судалгааны үр дүнгээс харахад хүүхэд болон насанд хүрэгсэд амьдралынхаа 90 гаруй хувийг гэр, сургууль, цэцэрлэг зэрэг дотоод орчинд өнгөрүүлдэг байна. Иймд дотоод орчны агаарын бохирдлын өртөлт давамгайлж эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь ч тэр хэрээр өндөр байдаг. Хурц хэлбэрийн хатгалгаанд өртөмтгий, өвлийн улиралд ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг бага насны хүүхдэд сууцны дотоод орчин туйлын чухал юм.

Хүүхдүүд хэрхэн агаарын бохирдолд өртөж байна вэ?

Сургуулийн насны хүүхдийн агаарын бохирдолд өртөх байдал нь тэдний сургууль руугаа хэдэн цагт явдаг, яаж очдог, сургууль хаана байрладаг, сургуулийн халаалтын хэлбэр, хичээлийн цаг зэргээс хамаарна. Сургууль хүүхдийн гэрээс өөр газар байрладаг, эргэн тойрны бохирдлын эх сурвалж, сургуулийн барилгын нэвтрэмхий чанар, халаалтын эх үүсвэр зэрэг нь янз бүр байх нь сургуулийн дотоод орчны агаарын бохирдлын концентраци өөр өөр байхад хүргэнэ. Өдрийн хэдэн цагт хичээл ордог нь туйлын чухал юм. Учир нь өдрийн 24 цагийн туршид түлшний хэрэглээ, бохирдуулагч бодисын агаар мандалд тархах төлөв харилцан адилгүй байдаг. 1-3 дугаар ангийнхан гол төлөв 11:30-16:30 цагийн хооронд хичээллэдэг. Харин 4-8 дугаар ангийнхны хичээл ихэвчлэн 8:00- 13:10 цаг хүртэл, ахлах ангийхан 13:10-18:30 цагийн хооронд хичээллэдэг. Хэрэв тухайн сургууль зөвхөн бага ангийн хүүхэд сургадаг бол дээрхээс өөр цагийн хуваарьтай байдаг.

Сэргийлэх болон зайлгүй авах арга хэмжээ

Тиймээс ЕБС, болон цэцэрлэгүүд  хүүхдийн амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг сургууль болон хичээлийн танхимд тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Орчин үеийн сургуулиудын барилгууд төвлөрсөн агааржуулах Агаар халаах, хөргөх, сэлгэх системтэй. Эдгээр Агаар халаах, хөргөх, сэлгэх систем нь ХЕПА шүүлтүүр буюу агаар дах тоосонцрыг өндөр үр ашигтай шүүдэг шүүгчтэй ба энэ нь хичээлийн анги танхимын дотоод орчны агаарт агуулагдах тоосонцрыг бууруулах зорилготой. Финланд улсад мэргэжлийн орчинд ийм аргыг хэрэглэж үнэлгээ хийхэд өртөлт багассан дүн гарсан байна.

Мөн пневмококкийн вакцины хамралыг нэмэгдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд уушигны хатгалгааг антибиотикоор эмчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд амьсгалын замын өвчлөл үүсгэх синцитиаль вирүсийн эсрэг бие болох паливизумабаар урьдчилан сэргийлэх, төрсний дараах 6 сард эхийн сүүгээр дагнан хооллохыг хөхиүлэн дэмжих, хоол тэжээлийн дутлыг бууруулах зэрэг ажлуудад төвлөрөх хэрэгтэй. Эдгээр арга хэмжээнүүдийн олонхи нь Уушигны хатгалгаа болон суулгалт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэхийн төлөө Дэлхийн төлөвлөгөөнд багтсан байдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж буй хатуу түлшний хэрэглээнээс үүдэлтэй өртөлтийг бууруулахын тулд халаалтад ашиглаж буй түлш/эх үүсвэрийг судалж, үнэлгээ хийх шаардлагатай юм.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан