Зам тээврийн ослоор хүүгээ алдсан нэгэн ээж бидэнд ярилцлага өгөхийг хүссэн юм. Ц.Оюунгэрэл хэмээх энэ эмэгтэй Дорноговь аймгийн Сайншанд суманд амьдардаг бөгөөд жил гаруйн өмнө харамсалт явдал тохиолдож, зам тээврийн ослоор 31 настай сайхан хүүгээ алджээ. Хууль хяналтын байгууллагаар жил гаруй хугацаанд явсны эцэст саяхан Дээд шүүхийн шийдвэрээр хохирлоо төлүүлэх боломж нээгдсэн байна.

-Таны хүү ямархуу хүн байв. Талийгч залуу олон хүүхэдтэй юу ?

-Эгч нь зургаан хүүхэдтэй, хоёр нь хүү. Миний хүү Мөнх-Эрдэнэ их сайхан залуу байсан, их сургууль төгссөн, холбооны инженер мэргэжилтэй. Нэг аймгийн холбооны даргаар очих санал ирж байсан ч өөрөө зөвшөөрөөгүй. Дөнгөж 31 нас хүрч байсан. /санаа алдав/. Хүү маань 3 охинтой. Бэр маань жирэмсэн үлдсэн. Том охин нь 5, дунд охин нь 1 дүгээр ангид сурдаг. Бага нь хүүг минь нас барсны дараа төрсөн, одоо дөнгөж 6 сартай. Хүү маань хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээний орлого олдог, түүгээрээ амьдралаа сайхан авч явдаг, биднийг ч бас харж үзэж бүхий л зүйлийг зохицуулдаг байсан. Хүү маань 60 хүрч байгаа намайг цэвэр агаарт байг гээд Сайншанд руу нүүлгэж аваачсан байсан юм. Одоо би тэндээс шилжээд ч яах билээ. Олон өнчин хүүхэдтэй бэрдээ туслах юм сан л гэж бодох юм.  Саяхан дунд охин нь нэгдүгээр ангид ороход хүүхэд болгон л ээж аавтайгаа, бэр маань охиноо тэвэрч уйлаад хэцүү л байсан.

-Уучлаарай, та ослын талаар мэдээг хэзээ сонссон бэ. Амаргүй л байсан байх?

-Миний хүү 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Замын-Үүдээс Улаанбаатар руу каргоны ачаа ачиж өөрийн машинтайгаа явж байгаад осолд орсон. Эгч нь хэдэн хүүхдээ харж гэртээ зүгээр суугаад яахав гээд өвгөнтэйгөө  хойшоо явж  ойр зуурын наймаа хийдэг ухаантай. Яг тэр үед Улаан-Үүдэд явж байсан. Хүнд совин байдаг юм байна лээ. Тэр шөнө би дөнгөж дугхийгээд л бага охиноо осолд орчихлоо гэж зүүдэлсэн. Зүүдлээд яг сэртэл утас дуугараад цаг хартал шөнийн 1 болж байсан. Бэр утасдаад ээжээ Мөөгий аваарт орсон байна, эмнэлэгт хэвтсэн, сэхээнд байгаа гэж хэлэнгүүт шууд гараад тэр шөнөдөө явсаар Сайншандад ирсэн. Хүүхдүүд маань хүүг нас барсан гэж хэлээгүй л дээ. Нуугаад сэхээнд байгаа л гээд байсан. Гэтэл газар дээрээ өнгөрсөн, бүр бие нь цээж бөгсөөрөө  хуваагдсан байсан. Би Пүрэвдорж рүү ярьсан чинь бие муу хэвтэж байна гээд муу хүүг минь өнгөрсөн ш дээ гэж хэлсэн л дээ.

-Пүрэвдорж гэж хэн юм бэ?

-Миний хүүгийн ажилтан ачигч нь юм. Энэ ослын улмаас духнаасаа хамрын үзүүр хүртэл оёдол тавиулж, хөлийн хуруунуудаа тайруулсан, одоо ч амаргүй л байгаа байх. Ер нь ч амьдрал нь бололцоо муутай, бид эмнэлэг, эмчилгээний зардлыг нь боломжоороо гаргасан. Харин миний хүүгийн амийг хохироож, Пүрэвдоржийг тахир дутуу болгосон Энхболд юу ч гаргаагүй. Шүүх эмчилгээний зардалд нь 650 орчим мянган төгрөг гаргасныг ч өгөхгүй  байгаа.

-Энхболд гэдэг хэрэгтэн нь үү. Та өмнө нь тэр хүнийг мэдэх үү?

-Хэнтий аймгийн гаралтай хүн Хэнтий аймгийн гаралтай хүнээ л осолд оруулчихаад байгаа хэрэг. Би Энхболдын ээж энэ тэрийг бол ер нь мэдэх л юм билээ. Хэрэг гарснаас хойш тэд надаас уучлал ч гуйгаагүй. Анхан шатны шүүх хурал дээр Энхболд бүр даажигнаад байсан. Манай өмгөөлөгч “Чи энэ Оюунгэрэлийг шоолоод байгаа юм уу. Ингэж ч болохгүй дээ” гэж хэлж байсан юм.  Энхболдын хамаатных нь нэг хүүхэн Улаанбаатарт их олон баартай, түүнтэй нэг тааралдтал надад агсам тавьсан. Цагдаад барьж өгөөд эрүүлжүүлэхэд явуулсан. Өглөө нь асуутал тэр эрүүлжүүлэхээс гаргаад явуулсан байна лээ. Төр засгийн байгууллагын ажил нэг иймэрхүү л байна даа.

-Гэмт этгээдэд ямар ял оногдуулсан бэ.Энэ осол ер нь юунаас болж гарсан гэж та боддог вэ?

-Энхболдод 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Миний хүүхдийг цээж бөгсөөр нь тасалчихсан хүн шүү дээ. Согтуугийн гай байхгүй юу. Манай хүү машинаа барьж яваад зам дээр зогссон байсан юм билээ. Хэрвээ хоёулаа хүчтэй мөргөлдвөл манай жижиг каргоны тэрэг унана ш дээ. Машин зогсож байхад ирж мөргөөд л ийм айхтар осол гарсан. Хэргийг шалгаж байсан цагдаагийн байцаагч нас барсан миний хүүгээс цусны шинжилгээ аваад согтуу байгаагүй гэж тогтоосон атлаа хэрэгтний цусыг болохоор үрсэн.

-Үрсэн гэж юу гэсэн вэ?

-Яг хэрэг гарсны дараахан байцаагчийн өрөөнд байсан хуруу шилтэй цусыг хэнийх вэ гэж асуухад Энхболдынх гэж байсан юм. 20 гаруй хоног тэр цусыг шинжилгээнд өгөхгүй байсаар ээдүүлсэн. Би үүнийг санаатай хийсэн л гэж үзнэ. Цусны шинжилгээнд цуг өгчихөд хариу нь хамт л гараад ирнэ. Ном журмын дагуу явсан бол үнэн нь гараад ирэх л байсан. Машинаа төлүүлж авна гэсэн чинь байцаагчтай хуйвалдаад бас жаахан мөнгөөр үнэлчихсэн байсан. Уг нь би үнэлгээ хийлгүүлэх ёстой байсан юм байна лээ. Хуулиа мэдэхгүйгээс болоод зарим зүйл дээр алдсан даа.

-Шүүх хохиролд танд хэдэн төгрөг гаргасан бэ. Энхболд ер нь мөнгө өгсөн үү?

-Оршуулгын зардал, машины мөнгөнд тус бүр 9 сая төгрөг, нийт 18 сая орчим төгрөг хохиролд гаргасан. Байцаагчаас чи ийм машиныг 8 саяд зарах уу гэхэд үгүй гэж байсан юм шүү. Сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал гээд зөндөө л юм байгаа, тэрийг гаргадаггүй юм билээ. Энхболд анхны шүүх хурлын өмнө 4 сая төгрөг л өгсөн, нөгөө Пүрэвдоржид бол юу ч өгөөгүй. Энхболд машинаа Хас банкнаас зээлээр авсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тэр машиныг Хас банкинд олгох шийдвэр гаргасан. Уг нь эхлээд хохирогчдын хохирлыг барагдуулах ёстой биз дээ.

-Та ер нь шүүх хуралд оролцож саналаа хэлсэн үү?

-Анхан шатны шүүх хуралд оролцсон. Давах шатны шүүх хуралд оролцох гэж гараад цасанд боогдоод ирж амжаагүй, хурал болчихсон байсан. Тэгэхэд манай өмгөөлөгч одоо ганцхан Дээд шүүхэд л найдлага байна даа гэж хэлсэн юм. “Миний мэргэжил дутаад байна, надад нэг өргөдөл бичээд өгөөч. Би эцсийн шийдвэр гаргах тэр хуралд ормоор байна” гэж өмгөөлөгчөөсөө гуйсан.

-Та өөрийнхөө гомдлыг шүүгчдэд хэлэх гэж оролдож үзсэн үү?

-Дээд шүүх дээр нэг очсон. Үүдэнд мэдээлэл лавлагаа гэдэгт нь Чимгээ гээд хөөрхөн ааштай хүүхэн суудаг юм байна лээ. Тэр хүүхнээс асуусан чинь таны хэрэг Хосбаяр шүүгчид хуваарилагдсан гэж хэлсэн. Уулзмаар байна гэсэн чинь шүүгчид хамаагүй хүнтэй уулздаггүй гэсэн л дээ. Дээд шүүхийн хуралдаанд оръё гээд өргөдөл гаргасан бол оруулдаг юм байна лээ. Гэхдээ голд нь сууж байсан Уранцэцэг гэдэг эмэгтэй шүүгч “Хяналтын шатны шүүх хуралдаанд зөвхөн өмгөөлөгч л санал хэлдэг. Таны өргөдөл бидэнд тараагдсан байгаа. Хэрэг илтгэж байгаа шүүгч бүрэн эхээр нь танилцуулчихна” гэж тайлбарлаж өгсөн. Хосбаяр шүүгчийг нь би зурагтаар зөндөө л харж байсан юм билээ. Хэргийн талаар их ойлгомжтой сайхан яриад миний өргөдлийг ч бүрэн танилцуулсан. Манай өмгөөлөгч саналаа хэлээд нөгөө талын өмгөөлөгч бас үг хэлээд л ер нь хурал дууссан.  Тэгсэн чинь прокурор гээд цэнхэр хувцастай хүүхэн хэвээр баталсугай гэж уншсан. Ингээд л өнгөрдөг юм байж гэж л бодогдсон доо, эгчид нь. Тэгээд завсарлая гэсэн. Завсарлаад эргээд орсон чинь Уранцэцэг шүүгч сайхан зөв үг хэлж өгсөн. Дээд шүүхийн хуралдаанаас Энхболдын машиныг зарж, хохирогчийн хохирлыг барагдуул гэсэн. Дээд шүүхийн хэд их сайхан шийдсэн. Эгч нь нөгөө мэдээлэл лавлагааны хүүхэнтэйгээ уулзаад одоо хэрэг шийдсэн юм чинь Хосбаяр шүүгчид баярлалаа гэдгээ хэлчмээр байна гэсэн чинь “Эгч ээ, уулздаггүй юм аа” гэсэн. Тэгэхээр нь би “Эгч нь Замын-Үүдээс ирнэ гэж байхгүй ээ. Надад нэг цаас үзэг өгөөч” гээд тэнд нь бичиг бичээд үлдээсэн.

-Шүүгчид ямар бичиг бичсэн юм бэ?

-Энэ өдрийн 2 дахь хурлын Ц.Оюунгэрэл байна. Төр засгийн та нартаа маш их баярлалаа. Доод шатанд бүх зүйл худал явагдаад байсан юм. Үнэн зөв шийдсэн Уранцэцэг дарга, Хосбаяр шүүгчид чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсье гэж бичсэн. Баярласан сэтгэлээ л илэрхийлсэн минь тэр. Хүний амьдралд хэцүү зүйл тохиолддог. Над шиг ийм байдалд орсон хүн ч байгаа л байх. Тийм болохоор шударга үнэн ялдаг юм шүү, эцсийг нь хүртэл явах хэрэгтэй гэдгийг хэлэх гэж, нөгөө талаасаа тэр мэргэн шүүгчдэд талархсанаа илэрхийлэх гэж танайд хандсан юм. Хосбаяр шүүгч шударга сайхан залуу байна лээ. Шүүгч нар олон л хэрэг шийддэг биз. Гэхдээ иргэд бид чинь хэцүү зүйл тохиолдоход шүүхэд л ханддаг. Тэнд Хосбаяр шиг сайхан залуус олон байгаасай гэж бодож байна. Уранцэцэг шүүгч ч бас энэ хэрэгт эх хүний сэтгэлээр сайхан хандаж үнэн мөнийг дэнсэлсэн. Эгч нь бусад шүүгчдийнх нь нэрийг тогтоосонгүй. Олон л сайхан залуучууд харагдсан. Хангай шиг сайхан хүүгээ алдсан хүн чинь бэрдээ, охидод нь тус дэм болчих гээд л Эрээнээс хэдэн өмд гутал чирч ирж, зараад хэдэн хонь ямаа худалдаж аваад тэрийгээ хот руу аваачиж нядлаад амьдрах гэж хичээж л явна. Дээд шүүх Энхболдын машиныг зарж мөнгийг нь олгохоор шийдсэнээр ахуй амьдралд том нэмэр болж байна. Нөгөө муу Пүрэвдорж ч бас эмчилгээний хэдэн төгрөгөө авбал хэрэгтэй л байх. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимынханд найдсан минь алдаагүй, тэдэнд л их баярлаж байна даа.     

-Ярилцлага өгсөнд танд баярлалаа.