​Манай улсын өр оны эцэст 8.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 49.5 хувьд хүрэхээр байгааг Сангийн сайд Ч.Улаан өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэллээ. Засгийн газар гаднын орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл, гадаад дотоодын зах зээлд босгосон бонд, манай улсын төрийн өмчит компаниудын авсан зээл, орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, Засгийн газрын баталгаа зэрэг нь нийлээд ДНБ-ий тэн хагастай тэнцэж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ирэх онд өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлж болохгүй гээд заачихсан байгаа. Гэтэл Сангийн сайд бүтээн байгуулалтын ажлуудаа санхүүжүүлье гэж байгаа бол гаднаас зээл авахаас өөр аргагүй. “Чингис” бондын дараагийн хэсэг, “Самурай” бондоо гаргахын тулд хуульд заасан өрийн хязгаараа нэмж 60 хувьд хүргэх хэрэгтэй гэж байна. Өнгөрсөн жил УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг олон дахин хэлэлцэж усыг нь нэлээд шавхаж байж баталсан. Гэтэл энэ хуулиа жилийн дараа л өөрчилмөөр байна гээд УИХ-д оруулаад ирлээ.

Манайх шиг хөгжиж буй орон дэд бүтэц, үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд гаднаас хөрөнгө татах шаардлага зайлшгүй бий. Гэхдээ энэ нь зөвхөн гаднаас мөнгө зээлээд бай гэсэн үг биш байх. Аль ч улс орны өмнө валютын нөөцөө нэмэгдүүлэхэд гаднын хөрөнгө оруулалт татах, алтны нөөц, экспортоо нэмэгдүүлэх, гаднаас зээл авах гэсэн сонголтууд байдаг. Үүнийг хамгийн зөв дарааллаараа бол нэгдүгээрт гаднаас хөрөнгө оруулалт татах, хоёрдугаарт алтны нөөцөө нэмэгдүүлэх, гуравдугаарт экспортоо нэмэгдүүлэх, хамгийн сүүлд нь зээл авах гэж эдийн засагчид томъёолдог юм билээ. Зүй зохистой дарааллаараа бол Засгийн газар хамгийн түрүүнд гаднаас хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Гаднын хөрөнгө оруулалтаас бүтээн байгуулалт, монгол ажилчдын цалин хөлс, татвар зэрэг нүдэнд харагдах зүйлээс гадна манай оронд үлдэх зүйл нь их байдаг. Гэтэл эрх баригчид эдгээрээс хамгийн залхуу хувилбар руу зүтгэж байна. Бид урагшлахын тулд өрөө нэмээд байх хэрэгтэй гэдэг шаардлагыг УИХ-даа тулгаж байгаа Сангийн сайдыг юу гэж ойлговол дээр вэ. Уг нь  үүний оронд УИХ нэгэнт хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталчихсан хойно дагаж мөрдөж журмаа баталж, энэ хуулиа сурталчлахаас ажлаа эхлэх нь зөв байх. Цахилгаан станц, төмөр зам, үйлдвэрлэл гэх мэт урт хугацаанд хэрэгжих томоохон төслүүдэд гаднын хөрөнгө оруулагчдын татах, цаашлаад концессийн гэрээгээр гадныхантай хамтран төслүүдээ хэрэгжүүлэх гээд дурдвал хөгжихийн тулд зээл тавихаас өөр арга уг нь бий. Эрх баригчид үүнийг олж харахгүй байна уу, эсвэл харахыг хүсэхгүй байна уу.

Эдийн засагч Д.Жаргалсайхан саяхны нэгэн нийтлэлдээ бондын хөрөнгийн замбараагүй зарцуулалтаас болж 2017 оноос Монголын дараачийн Засгийн газар шууд дампуурах эрсдэлтэй байгааг анхааруулсан байсан. Үнэхээр өрөөс болж бүхэл бүтэн улсаараа барьцаанд орсон жишээ байдаг. Европын холбоог өвдгөөр нь сөхрүүлсэн Грекийн хямрал өрөөс л эхтэй гэдэг. Ер нь гаднаас замбараагүй их мөнгө зээлж, зээлсэн мөнгөө хяналтгүй зарцуулах нь сайн зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Мөн Д.Жаргалсайхан хэрэв энэ жишгээрээ явбал манай улс 1980-аад оны Мексик шиг болоход ойрхон байгааг нийтлэлдээ дурьдсан байгаа юм.

Олон улсын валютын сангийн тооцоогоор манай гадаад өр 2.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Бид ердөө хоёрхон жилийн дотор энэ хэмжээний өр тавьсан нь өмнө нь байгаагүй зүйл гэнэ. Өрөөс болж ташраараа хямраад байгаа Европын хорооны улсууд ч ийм богино хугацаанд энэ хэмжээний зээл тавьж байгаагүй юм байна.

Сангийн сайд манай улсын өр зохистой хэмжээндээ байгаа гэж байна. Гэтэл гаднын эдийн засагчид өрийн асуудлаа анхаарахгүй бол яахаа алдлаа хэмээн сануулсаар байна.

 

Н.Санжаасүрэн