Монголын Залуучуудын Холбооноос 5-р их хурлаа угтан 21 аймгийн залуучуудын чуулганаа хийж байгаа билээ. Энэ удаад Орхон аймгийн залуучуудын холбооны ээлжит чуулган 10-р сарын 30-нд болж өнгөрлөө. Энэхүү чуулганд тус аймгийн 2 сумын 22 багийн 220 гаруй залуу оролцож, нутгийн залууст тулгамдаад байгаа асуудал болон цаашид хийх ажлын талаар санал бодлоо чөлөөтэй хуваалцжээ. Тус аймгийн залуучуудын холбооны тэргүүнд таван хүн нэр дэвшснээс Б.Мөнхболд сонгогдсон бол салбар бүрийн шилдэг залуусын төлөөлөл болсон 16 гишүүнийг тэргүүлэгчээр сонгожээ.

  Чуулганд тус аймгийн засаг дарга Г.Зоригт оролцож, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай залуучуудаа цаашид дэмжин ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Чуулганы дараа шинээр сонгогдсон Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч нар аймгийн ИТХ –ын дэргэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулахаас гадна уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, аймгийн онцгой байдлын хэлтсийн дэргэд “Залуучуудын зөвлөл”-ийг байгуулжээ