Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний түүхт 100 жилийн ойд
 
Манайд дээрээсээ доош бүгд худлаа, бид худлаа нийгэмд 23 жилийн турш амьдарч иржээ. Төр засаг худлаа, ардчилал худлаа, ерөнхийлөгч худлаа, тэгш эрх худлаа, шүүх цагдаа худлаа, боловсрол худлаа, эмнэлэг худлаа, хүмүүс нь бас худлаагаас болж хүнээ алдаж буй улс орон болов. Энэ их худлааг маш их хар пиардаж, хүмүүсийг мунхруулж байж л монгол хүнийг хувь тавилан чинь энэ үүнээс өөр зам үгүй гэж итгүүлнэ. Өөрсдийгөө дөрөвдэхь засаглал гэж донгосдог сэтгүүлчид мэргэжлээ хаяж бусдыг хошуучлан хар пиарчид болцгоон нийгмийн амьдралыг нураажээ.
 
7-р сарын 1-нээс Хар пиарын вант улс үүссэн
 
7-р сарын 1-нээс өмнө зөвхөн л улстөрчидийг Их хуралд оруулдаг бизнестай байсан тэр хар пиарчид өнөөдөр бүхэл бүтэн Монголын нийгмийн тархийг угаадаг улстөрийн намуудын гар хөл болж уул уурхайн компануудын улаан хамгаалагчид болжээ. Монголын хэвлэл мэдээлэл уул уурхайн хар пиаргүйгээр төсөөлөхөд бэрх.
 
7-р сарын 1-нээс хойш Монголд уул уурхайн компанууд өөрсдийн эрх мэдлээ тогтоосоноос хойш хар пиарчид Монголын улс төр, эдийн засгийг тодорхойлж хэн юу хэлэх хаана юу бичих зурагтаар хэн ярих ямар нэвтрүүлэг хийх гэх мэт бүх эрх мэдлийг толгой хар пиарчид эзэрхийлж байгааг хэн ч мэдэх хэдий ч хэлж илчлэхээс айж зарим гайгүй гэсэн сэтгүүлчид хувийн амьдралаа хөөж ганц хоёр үг дугарсан нь шоронд хоригдож, шөнийн цагаар хаа ч юм бэ амиа алдах аюултай ч тулгарч байна гэнэ.
 
7-р сарын 1-нийг мартагдуулж хүмүүсийн дунд цуу яриа дэгдээж эхэлсэн тэр үеэс л хар пиарчид гаарсан. Яагаад 7-р сарын 1 ний гэмт хэрэг өнөөдөр хүртэл шийдэгдэхгүй байна вэ гэвэл хар пиарчид л сайн ажиллаж үүргээ ёсчлон биелүүлж буйн нотолгоо.
 
Яагаад сэтгүүлчид хар пиарчин болов?
 
Сэтгүүлч болсноос хар пиарчин болсон нь хавьгүй дээр гэсэн залуу сэтгүүлчид олон. Улс орны хөгжилд тус нэмэр болж нийгмээ сэхээрүүлж олон нийтийг улстөрийн идэвхитэй шүүмжтэй байлгах зорилго бол сэтгүүлч залуусын эрхэм үүрэг. Сэтгүүлчид дэлхийн аль ч оронд хүн ардынхаа манаанд зогсох ёстой нэг үгээр хэлэхэд нийгмийг аюулаас хамгаалах үүрэгтэй сэтгүүлчийн мэргэжил хар пиарчдын бузар үйлдлийн золиос бас барьцааны хүмүүс болжээ.
 
Хар пиарчид сэтгүүл зүйг устгаж ямар ч утгагүй зүйл бичих, хий хоосон цөөхөн хүмүүсийг магтаж сурталчилах, муу муухай зүйлийг нууж дарах, энэ орны хөгжлийн төлөө санаа тавьсан хүмүүсийг доромжилж тэднийг хэн ч биш болгох дэвшилтэт бүхий л үйлдлүүдийг таслан зогсоох үүргээ биелүүлцгээж компаний боссуудын бууны нохой болцгоож улстөрийн намуудын нохойд барьдаг мод болцгоожээ.
 
Монгол орон хөгжих гэсэн сүүлийн хэдэн жилийн хүсэл мөрөөдлийг Монголын хар пиарчид утсгаж улстөрийн мухар сүсгээ тараацгаана. Хар пиарчид С.Баярын үед жинхэнэ дүр төрхөө олж авсан бол Сү.Батболдын үед түүнийгээ өргөжүүлж одоогийн ерөнхий сайд Алтанхуягийн үед өөрсдийн вант улсаа байгуулжээ.
 
Хар пиарчдын вант улсад залуусыг ажилд авах гэсэн зараар уул уурхайн компаниуд өөрсдийгөө таниулах хар пиарыг хэвлэл мэдээллээр дамжуулан явуулдаг. Хэнд ч хэрэггүй олон улсын хурал цуглаануудыг хар пиарчдын дэглэлтээр явуулж, сая сая төгрөгний реклам сурталчилгаанууд хэвлэл мэдээллэр дамжин улс орон даяар түгнэ.
 
Яагаад Монголын том компанууд бүгд өөрсдийн зурагтын сувагтай болж буйгийн шалтгаан гэвэл хар пиарын бизнес эдийн засгийн эх үүсвэр болж улстөрийг гартаа барьж сонгуулийг бүрэн хянаж явуулах гэсэн цаад зорилготой. Үйлдвэр байгуулсанаас зурагтын сувагтай болсон нь хамаагүй ашигтай. Улс орны төлөө бизнес хийснээс хар пиарын бизнес дэндүү ирээдүйтэй гэж сайрхана.
 
Хар пиарчдын зорилго
 
Хар пиарчдын авъяас гэвэл мууд сайн хүмүүс нийгэм, улс оронд худлааг тараана. Тэд бас үнэнийг нуун дарагдуулах авъяастай. Ерөөсөө үнэн гэдэг устаж худлаа ноёлсон газар сайн сайхныг яриад ч нэмэргүй. Хэн ч үнэнийг хэлж болохгүй. Зөвхөн худлааг л дийлүүлж худлаад л үнэмшиж худлаа л үнэд хүрдэг. Монголын нийгэм энэ их худлаануудаас зайлахын аргагүй гацаажээ.
 
Худлаа гэдэг хуурах, зальдах, сэргэлэнтэх, буруу замаар төөрүүлэх, хоосон ажил хийж цаг үрэх, хэнд ч хэрэггүй хэзээ ч тус болохгүй зүйлээр оролдох гэсэн л ойлголт. Худлааг тараасныхаа төлөө хар пиарчид үнэлэгдэж тэд зөвхөн муу муухай хийснийхээ төлөө цалин авч наргиж цэнгэх. Хар пиар хийсэн мөнгөөр гэртээ хоол хүнс авчирдаг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулна. Тэр мөнгөөрөө өөрийгөө гоёж гоодоно, бас машин тэрэг авч хөдөө нутгаар агаарт гарцгаана.
 
Хар пиарчдын холбоотнууд хэн бэ?
 
Хар пиарчдын жинхэнэ холбоотон бол яруу найрагч нэртэй хоосон толгойнууд. Тэдэнтэй зэрэгцээд бас зурагтаар хоосон мухар сүсэг айлдаж шашин нэрийн дор хүмүүсийн тархийг угааж хар тамхиар утагч дээл өмсөж цэцэрхэгчид. Яруу найрагчид хар пиарчдын даалгавраар зурагтын нэвтрүүлэгт уригдаж улс орон сайхан байна гэж огшиж омогшино. Тэд пиарчдын даалгавраар мөнгө өгсөн хүмүүсийг нэвтрүүлгээрээ оруулж нулимсыг нь гартал ээж аав, нутаг усы нь яриулж, магтаал хэлж хурдан морьдоо гайхуулж нийгмийг идэвхигүй сул болгоно.
 
Хар пиарчдын холбоотнууд нь бас боловсролгүй юу ч сурч мэдээгүй урлагынхан нэртэй өнөөдрийн ба ирээдүйн бөөн бөөн гавьятнууд. Тэд ер нь улс оронд ямар гавьяа байгуулсан юм бэ. Найр наадмын толгойд суух хар пиарчдын хэрэглээ болсон зурагтаар юу ч яриулахад бэлэн зэхээтэй хүмүүс бол тэдгээр шагналтан цолтонгууд. Шагнал цолоороо гайхуулж бүх зүйл сайхан байна болж л байгаа мэтээр хорвоо дэлхийг үнэлэн дүгнэж өөрийнхөө санааг бусдад тулгаж тийм биздээ гэж хань хамсаатан эрж хайцгаана. Тэдний эсрэг болохгүй байна гэж хариулбал ямар хачин юм бэ яасан өөдрөг биш юм бэ залуу хүн өөдрөг байна шүү гэж гавъяат царайлна. Тайзан дээр жүжиглэдэг болохоос зурагтаар ард түмнийхээ өмнө жүжиглэх ичмээр бишүү.
 
Хар пиарчдын гар хөл болсон мухар сүсэг түгээж яруу найраг нэрийн дор ард түмний тархийг угаагчид хөгжил ярихаар заншил ярина төгөлдөр хуур ярихаар морин хуур ярина, сурсан номоо ярих гэхээр ээж аав ярина, шүүмжлэх гэхээр өвөг дээдэс ярьж дэвшил гэхээсээ илүү зохиомол худлаа түүхэндээ умбуулна.
 
Үнэнг дарагдуулсан газар худлаа цэцэглэнэ. Нэгэнт худлааг баталгаажуулж үнэний оронд тавьсан болохоор үнэнийг хүлээж авах чадваргүй болтол нь ард түмнээ хуурч хэвлэл мэдээллийг худлаагийн талбар болгосон хар пиарчид гэмт хэрэгтнийг гэмгүй болгож хуурна. Сэхээтнийг солиотой болгож мушгина. Хар пиарчид хэзээ устаж улс орон үнэнтэй золгох цаг ирэх бол. Явж явж худлаа хэлэхээс илүү том гэмт хэрэг бол үнэнийг дарагдуулах. Сэтгүүлчид 100 жилийн ойгоо тэмдэглэцгээнэ тэдний мэргэжил бол үнэнийг ил гаргах.