Хариуцлагын талаар овоо дорвитой үг хэлж, олон нийтээс нэлээдгүй үнэлгээ аваад байгаа Р.Амаржаргал гишүүнийг улс төрийн хүрээнийхэн хардаж буй сурагтай. Эрхэм гишүүн хариуцлагагүй төсөв оруулж ирсэнхийхээ төлөө, засгийн газар, УИХ дахь олонхийн бүлэг хариуцлага хүлээж чадахгүй бол өмнөөс нь би ялыг нь үүрч, УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Харин энэ үгийг “76 мангуу” хэмээх хоч зүүсэн нөхөд тоосонгүй, үгнээс нь ямар нэгэн юм ойлгож авахыг ч хүсээгүй бололтой. Ямар сайндаа л ингэж хэлж буй нь Р.Амаржаргал өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өөртэйгээ өрсөлдсөн МАН-аас нэр дэвшигч “Хас”-ын гэх тодотголтой Ганхуягтай тохироо хийж, түүнийг парламентад оруулах улс төр явж байж магадгүй хэмээн хардсан байхав. Ямарваа хүн бусдыг өөр шигээ боддог юм гэнэ билээ. Тэгвэл Р.Амаржаргал гишүүнийг амнаасаа хатуу үг унагахад нь хардаж буй нөхөр хуулиа мэддэггүй, бусадтай тохироо хийх дуртай нэгэн бололтой юм.

 

Хуулиараа бол Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс татгалзлаа ч гэсэн “Хас”-ын Ганхуяг түүний оронд төрийн түшээ болох ямар ч боломж байхгүй юм билээ. Үүнийг ч хуульч Н.Ариунбол хэвлэлд тайлбарлажээ. Тэрээр хэлэхдээ “Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ямар нэгэн байдлаар бүрэн эрх нь дуусгавар болж, эргүүлэн татсан тохиолдолд тойргоос сонгогдсон гишүүний тэрхүү тойрогт нөхөн сонгууль явагдах журамтай. Цаанаа ямар нэгэн учир шалтгааны улмаас гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд тухайн хүнд давуу байдал бий болохгүй. Юуны тулд хууль журам гаргасан юм бэ. Бид хуулиа хэрэгжүүлэх ёстой.

 

..Хоёр мандаттай тойрог байлаа гэж үзэхэд хэн нэг нь гишүүнээсээ татгалзвал гурав дахь хүн шууд орж ирэх боломжгүй. Дээр хэлсэнчлэн тухайн тойрогт зайлшгүй нөхөн сонгууль явагдахаас өөр замгүй. Хамгийн гол нь хууль журмын дагуу бүх зүйл явагдах ёстой болохоор үүнийг онцлоод байгаа юм” хэмээн тайлбарлажээ.

 

Тэгэхээр улс төрийн хүрээнд явсан хардлага хий хоосон болж таарч байна. Хариуцлагагүй, үл бүтэх хүмүүсийн өөдөөс хатуухан үг хэлдэг цөөхөн хэдэн улс төрч бий. Тэдний хэлсэн үгэнд хорсохдоо, эсвэл үгийг нь хүлээж авах чадваргүй хүмүүс улс төрчид дотор байх шиг байна. Шүүмжлэл гэдэг бол аливаа ажлыг сайруулдаг сайн талтай. Харин шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй хүмүүс гэж бий. Мэдээж ийм хүмүүс ажлынхаа алдаа дутагдлыг залруулаад явах нь юу л бол.

 

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг болон түүний нөхөд рүү чиглэсэн шүүмжлэлийг улс төрчид, эдийн засагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэлээдгүй хэлдэг. Харин шүүмжлэлийг тэд хараар будах гэсэн оролдлого хэмээн хүлээн авдаг тухайгаа сэтгүүлчдийн өмнө, чуулганы нэгдсэн хуралдаанд хүртэл хэлж л байсан. Энд дахин хэлэхэд хэн нэгний мууг үзэж, хэн нэгний хийж буй ажлыг хараар будах гэсэндээ хэвлэлүүд шүүмжилдэггүй юм. Алдаа дутагдлаа засаж, залруулаасай, ард түмний амьдралд ойр зүйл хийгээсэй гэсэндээ бичдэг. Эцэстээ зарим нэг нь хуулийн байгууллагын хаалга хүртэл датдаг шүү дээ. Тиймээс хатуу үг сонсох дургүй, шүүмжлэлд дургүй, хариуцлага хүлээхээс ч айдаг нөхөд улс төрөөс холдсон дээр биз ээ. Р.Амаржаргал гишүүн шиг би хариуцлага хүлээе, УИХ-ын гишүүнээсээ татгалзая гээд хэлчих чадалтай улс төрч энэ парламентэд гарын арван хуруунд багтахаар цөөн гэдэгтэй маргах хүн байхгүй байх.

 

Н.Чинзориг