Оны өмнөхөн МАН-ын бүлэг дээр ширүүхэн маргаан болсныг эс тооцвол Уул уурхайн яамны Таван толгойг хөдөлгөх ажлын хэсгийн хувилбар төрийн ордон хавьцаа яригдаж амжаагүй байна. Хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцсэн жиргээг алгасаад харвал ордноос гаднах ертөнцөд ч Таван толгойг хөдөлгөхгүй гэсэн сүрхий хүчтэй эсэргүүцэл алга.

Ачир дээрээ хоногийн хоолоо гэж яваа олонд халаасан дахь хэд нь цаас болохгүй байх л амин асуудал. Халаасан дахь төгрөг нь долларт дарлуулахгүй байх ганц гарц нь гаднаас ахиухан доллар орж ирэх. Том төслөө хөдөлгөж байж ахиухан доллар олдгийн учир шалтгааныг давтан улиглаад яахав, ингэсгээд зогсъё. Таван толгойд дөрвөн асуудал бий. Энэ ордын лиценз хэнд байх вэ гэдэг нь эхний асуудал. Төслийг хөдөлгөе гэвэл уул уурхайн төслийн компани байгуулна. Бас нүүрсээ зөөх тээвэр ложистикийн компани байгуулах зайлшгүй шаардлага бий. Мэдээж борлуулалтын компани байгуулж байж нүүрсээ зарна. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойг хөдөлгөх ямар хувилбарууд яригдаж ирснийг жагсаая.

М.Энхсайханы хувилбар: М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсэг Таван толгойн лиценз эзэмшигч нь “Эрдэнэс Таван толгой” гэсэн хувилбар гаргаж байв. Зах зээл дэх нүүрсний үнээс хамаарч 2-8 хувийн рояалти авна гэсэн тохироог хөрөнгө оруулагчидтай хийснийг тухайн үеийн хэвлэлийн мэдээнээс харж болно. Мэдээж улс таван хувийн рояалтигаа авдгаараа авна гэсэн нөхцөлтэйгөөр. Уул уурхайн төслийн компанийн 51 хувийг ММС буюу “Энержи ресурс”, 49 хувийг “Шинхуа” гэсэн хувилбарыг М.Энхсайханы баг санал болгосон юм. Тээвэр ложистик буюу төмөр замын тухайд 100 хувь “Шинхуа” хөрөнгөө гаргаж барихаар за зүй болсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Тээвэр ложистик дээр rolling stock гэж бий. Тодруулж хэлбэл, төмөр зам дээгүүр явах зүтгүүр вагон. Үүн дээр “Шинхуа”, “ММС” хамтарна гэж байв. Борлуулалтын хувьд 70 хувь нь “ММС”, 30 хувь нь “Сумитомо” гэсэн тохироо хийснийг мөн л хэвлэлийн мэдээнээс харах боломжтой. М.Энхсайханы багийнхны хувилбарын давуу тал нь гадагшаа өгөх өрөө тэглэж, Монголоос мөнгө гаргахгүйгээр Таван толгойг хөдөлгөх гэж байсан юм.

Л.Эрдэнэчимэгийн хувилбар: М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байв. Дараахан нь Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хувилбараа гаргасан юм. Лицензийн хувьд М.Энхсайханыхтай ижил “Эрдэнэс Таван толгой”-д гэсэн хувилбарыг тэд дэвшүүлсэн. Рояалти биш 51 хувийн ногдол ашиг авна, уул уурхайн төслийн компанийн 51 хувийг “Эрдэнэс Таван толгой”, 49 хувийг “Шинхуа” эзэмшинэ, тээвэр ложистикийн 51 хувь нь “Монголын төмөр зам”, 49 хувь нь “Шинхуа”-д хамаарна, борлуулалтыг “Эрдэнэс Монгол”, “Сумитомо” хариуцна гэсэн уялдаа авцалдаа муутай, бүтэх ямар ч боломжгүй хувилбар нь өчнөөн шүүмжлэл дагуулж байв. Товчхондоо “Энержи ресурс”-ийг жийх хувилбар гэчихэж болно. Учир мэдэх ямар ч засаг Л.Эрдэнэчимэгийн ахалсан багийн хувилбарыг дэмжихгүй л дээ. Гэхдээ энэ хувилбар дэмжигдсэн бол Таван толгой хоёр дахь Эрдэнэт болох байв.

Ч.Сайханбилэгийн хувилбар: Л.Эрдэнэчимэгийн дараа зүтгүүлэх гэж байсан хувилбар. Засаг дээр хэлэлцэгдэж амжаагүй учраас “зүтгүүлэх гэж байсан” гэж тодотголоо. Лицензийн тухайд өмнөх хоёртойгоо адилхан “Эрдэнэс Таван толгой”-д үлддэгээрээ үлдэх хувилбар яригдаж байв. Рояалти авахаас гадна тодорхой хувийн ногдол ашиг авах хувилбар хөшигний цаана яригдсан гэдэг. Хувийнх нь тухайд 34, 17 гэсэн хувилбарууд яригдаж байж. Уул уурхайн төслийн компанийн хувьд 51 хувийг нь хоёр компани хувааж авах хувилбар яригдаж байжээ. 51 хувийг хувааж эзэмших нэг компани нь “Энержи ресурс”, нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”. Үлдсэн 49 хувь нь өнөө олны анхааралд буй “Шинхуа”. Тээвэр дээр 51 хувийг нь “Монголын төмөр зам”, 49 хувийг нь “Шинхуа” эзэмших хувилбарыг гаргасан гэдэг юм. Rolling stock дээр ММС байж болох юм гэсэн яриа хөөрөө өрнөж байж. Борлуулалт маркетинг дээр “Шинхуа”, “Сумитомо”, “Эрдэнэс Монгол” гурвын нэр яригдаж байжээ. “Эрдэнэс Монгол”-ын тухайд борлуулалтын арван хувийг гэсэн санаа оноо өмнөх засгийн түвшинд яригдсан гэдэг. Албан ёсны болж амжаагүй энэ хувилбарыг бизнес рүү дөхсөн хувилбар гэж учир мэдэх улс үнэлдэг юм билээ.

Ж.Эрдэнэбат, Ц.Дашдоржхоёрын хувилбар: Энэ засгийн үед Таван толгойн хөдөлгөх хоёр хувилбар яригдаж байна. Нэг нь шууд зарах хувилбар. Хэрвээ энэ хувилбараар явбал Эрдэнэс Таван толгойн лиценз “Таван толгой”-г худалдаж авах талд очно гэсэн үг. Хэрвээ тэгвэл “Эрдэнэс Таван толгой” татан буугдаж таарна. Нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”-д үлдэх хувилбар. Гэхдээ ямар нөхцөлд яаж үлдэх талаар тодорхой болсон зүйл одоохондоо алга. Бүх тохироо, хувилбар хөшигний ард байна. Ойрхны баттай мэдээ гэвэл МАН-ын бүлэг дээр өрнөсөн маргаан. Уул уурхай, эдийн засгийн нарийн мэдлэг, ойлголтгүй залуу голдуу гишүүд Таван толгойг зарах нь, үнэгүй болгох нь гэж ирээд сүрхий дуугарсан дуулдаж байна. МАН-ын бүлэг дээр Таван толгойг “Шинхуа”-д таван тэрбум ам.доллараар зарчихъя гэсэн яриа ч өрнөөд авч. Энэ хувилбар шийдэл болбол “Чалко”-гийн томсгосон хувилбар болох өндөр эрсдэлтэй. Юун эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн тусгаар оршихуй болно. Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч яригдсан бололтой байна.

Тав дахь хувилбар. Дөрөв дэх засаглалын хувьд эдийн засаг унах эсэх, улс хөгжих, уруудахын нэгнийг шийдсэн том төсөлтэй хамаатай асуудалд гарц, шийдэл гаргах нь хэвлэлийнхний үүрэг. Энэ утгаараа гаргаж байгаа хувилбар. Уг нь эдийн засаг талаас нь, улсад ирэх өгөөж ашиг гэдэг өнцгөөс нь харвал Таван толгойг цогцоор нь хөдөлгөх М.Энхсайханы багийн хувилбар дажгүй. Уул уурхайн том төслийг төрийн компани хэрэгжүүлээд амжилтад хүрсэн түүх дэлхийн хаана ч байхгүй гэдэг утгаар нь дэмжихээс аргагүй хувилбар байсан. Хувийн компани Таван толгой шиг том төслийн удирдлага менежмэнтийг хариуцаад цогцоор нь хөдөлгөөд явчихвал алсдаа ирэх ашиг нь их гэдгийг уул уурхайгаараа хөгжсөн улсуудын түүх бэлхнээ нотолдог. Гэхдээ МАН-д Оюу толгойг хөдөлгөсөн С.Баяр шиг, ядаж л түүнд дөхөхөөр лидер одоохондоо байхгүй. Тэгэхээр энэ засаг М.Энхсайханы багийн гаргасан хувилбараар, Таван толгойг зах зээлийн жамаар нь зоригтой хөдөлгөж чадах эсэх нь эргэлзээтэй. Эргэлзээтэй гээд эдийн засаг хүнд ийм цагт Таван толгойг өмнөх засгууд шиг таг гацаах бүр боломжгүй. Иргэдээ тэгтэл нь туйлдуулах эрх энэ УИХ-д байхгүй.

Шийдэх боломжтой хувилбаруудаа нээлттэй ярилцаад шийдэлд хүрэх л анхаарал татсан асуудал болчихоод байна. Таван толгойн лицензийг “Эрдэнэс Таван толгой”-д үлдээж, Цанхийг зүүн, баруунаар нь хуваан ашиглуулах гарц байж болох юм. Баруун Цанхи дээр “Энержи ресурс”, “Шинхуа”-г оруулж, Зүүн Цанхи дээр Эрдэнэс Таван толгой “ үндэснийхээ операторуудтай ажилла гэвэл болохгүй юмгүй. Энэ хувилбарын сул тал нь “хятадууд зөвшөөрөхгүй” гэсэн эрсдэл бий. Төмөр замаа “Шинхуа”-д өгч, борлуулалтыг “Сумитомо”-той хамтраад өөрсдөө хийх гарц байж болох юм. Төмөр зам гэснээс “Монголын төмөр зам” Таван толгойн тээвэр ложистикт оролцох ямар ч шаардлагагүй гэж уул уурхайн салбарынхан, эдийн засагчид дуу нэгтэй хэлдэг. “Сумитомо”-гийн хувьд анхнаасаа борлуулалтын 30 хувийг хариуцъя гэж дуугарсан ч сүүлд мөнгө гаргая, хувь нийлүүлье гэж хэлсэн сураг дуулдсан. Гэхдээ үнэн, худал нь тодорхой болоогүй мэдээлэл. Дотооддоо тэрсэлдээд учраа олохгүй бол манайх шиг орнуудад туслах зорилготой, мега төслүүд дээр зөвлөгөө өгдөг газар хандаж болох юм. Ингэвэл өмнө яригдсан хувилбаруудаас шүүж, ашигтай хувилбар гаргах гарц уг нь бол бий.

Сүүлд сонссон сонин гэвэл яамны ажлын хэсэг нөхцөлүүдээ хэд хэдэн хувилбараар судалж, консорциумтай хэлэлцээрээ хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогоор нөхцөлүүдээ яг эцэслэсэн зүйл байхгүй аж. Талууд нөхцөлүүдээ тохирч, тодорхой байдлаар эцэслэсэн тохиолдолд УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь ойлгомжтой.