Гэмт хэрэг хийсэн этгээд Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг.  Гэвч энэ хууль дэндүү их цоорхойтой бөгөөд зарим нэгэнд нь ял завших боломж олгож байна. Үүний нэг жишээ нь найзынхаа хамрыг тасдан идсэн эрийн хэрэг. Тэрбээр ял авах нь тодорхой болоод ирэхийн цагт эхнэр хүүхдээ салж, 10 сартай хүүхдээ өөр дээрээ авч бага насны хүүхэдтэй болохоор ялаа  хойшлуулахаар төлөвлөөд байна. Ийнхүү ял завшихад иргэний хэргийн шүүх тусалсан байх юм. Өөрөөр хэлбэл 10 сартай хүүхдийг эрүүл саруул эхэд нь биш гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эцэгт нь өгөх шийдвэр гаргасан байгаа юм.

 2016 оны наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймагт самранд явж байсан иргэн Б нь найзтайгаа тааралдан хамтдаа архидсан байна. Улмаар маргалдсан бөгөөд эвлэрч байгаа дүр үзүүлэн иргэн Э-ийн хамрыг тас хазан зажилж идсэн хэрэг үйлдсэн байна.  Хүний хамар идсэн иргэн Б-д Эрүүгийн хуулийн 96.1-д заасанчлан хүний биед санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокуророос зургаан жилийн ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 96.1-д “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

Төв аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүх энэ хэргийг хэдхэн хоногийн өмнө хэлэлцсэн бөгөөд хүний хамар хазсан этгээд нь 10 сартай хүүхэдтэй өрх толгойлсон эцэг тул ялыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тодруулбал, гэмт этгээд гурван хүүхэдтэй, эхнэрээсээ салсан. Өөр дээрээ арван сартай хүүхдээ асран хамгаалж байгаа гэх шүүхийн бичиг үзүүлснээр шүүх хурал уг шийдвэрийг нягталж үзэх шалтгаанаар ийнхүү хойшилсон байна. Хуулийн дагуу бага насны хүүхдээ асран хамгаалж буй өрх толгойлсон эцгийн ялыг хойшлуулна хэмээн заасан байдаг. Ийнхүү ял хойшлуулж болзошгүй байдалд Төв аймгийн иргэний хэргийн шүүх үүрэг гүйцэтгэсэн байгаа юм. Тодруулбал яллагдагч Б-г гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаанд эхнэр нь салах өргөдлөө иргэний хэргийн шүүхэд гаргасан байдаг. Шүүхээс хэрвээ бага насны хүүхэдтэй бол тэр дор нь салгахгүй эвлэрэх, хамтран амьдрах 3-6 сарын хугацаа өгдөг. Гэтэл 10 сартай буюу бага насны хүүхэдтэй гэр бүлийг дуун дээр нь салгаад, бага хүүхдийг нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эцэгт нь өгчихөж байгаа юм. Уг нь бага насны хүүхдийг эхэд нь өгдөг. Эх нь архичин, ядуу, өвчинтэй зовлонтой биш л бол бага насны хүүхдийг эхэд нь өгдөг. Гэтэл хүүхдийн эх эрүүл саруул нэгэн гэдгийг эх сурвалжууд баталж байна. Ийм байхад Төв аймгийн сум дундын иргэний хэргийн шүүх өмнө нь хүний хацар идэж байсан,  энэ удаад хүний хамар идсэн этгээдэд 10 сартай хүүхдийг өгсөнд гайхаад барашгүй.  Ийм шийдвэр гаргаснаараа хүүхдийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулаад зогсохгүй, эрүүгийн хэрэгт нөлөөлж байгаа хэрэг юм. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний хамар идсэн хүн 10 сартай хүүхдээ хардаг болохыг тогтоох юм бол ялыг нь хойшлуулна. Энэ хугацаанд тухайн этгээд гэмт хэрэг үйлдээгүй бол бараг ял эдлэхгүй. 

Өнөөдөр иргэний хэргийн шүүх ийнхүү эрүүгийн хэргийн шүүхийн үйл ажиллагаанд саад учруулаад байвал гэмт хэрэгтнүүд ял завшсаар байх болно шүү Шүүхийнхээн!!!