С.УЯНГА

Сүүлийн арван жил яриад үр дүнд хүрээгүй утаа өнөө жил эрчээ авах янзтай. Учир нь төр засгийн Тэргүүнээс эхлээд шат шатны байгууллагууд хөдөлж эхэллээ. Үүнд ард түмний дуу хоолой чамгүй үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, ганц хоёрхон хоногийн хугацаанд утаатай тэмцэх шийдвэр, захирамж, гарц гаргалгааг тал талдаа шүүж тунгаав. Монгол Улс өнгөрсөн хугацаанд утаатай тууштай тэмцсэн эсэхэд үнэлэлт өгөхөд  ганцхан жишээ хангалттай. Сүүлийн зургаан жилд 100-аад тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан хэрнээ утаа өнөөдөр гамшгийн байдалд хүрсэн нь бодит байдал. Харин өнөө жил төрийн өндөрлөгүүдээс эхлээд нийслэл хот цаашлаад нийтээрээ утаатай ингэж тэмцэнэ. Харин энэ үг, үйлдэл дулааны улиралд ч бас үргэлжлээсэй, бүү мартагдаасай. 

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: ХАРИУЦЛАГЫН ЗААЛТГҮЙ БОЛ УХРАЛТ ГЭЖ ҮЗ

-Гэр хорооллын иргэдэд сайн чанартай нүүрс түлэх боломжийг олгоно. Дорноговийн Айраг, Даланжаргалангаар дамжуулаад  нүүрсээ зөөж хот руу авчрахад асуудалгүй. Энэ асуудлыг Засгийн газар боловсруулж  удахгүй УИХ-д  оруулна. Гэхдээ хариуцлагын заалт байхгүй бол ухралт гэж үз. Хариуцлагын заалтаа тусгаж өгвөл ахиц гарах юм байна гэж итгэнэ.  Улаанбаатар руу орж ирдэг түүхий нүүрснээс татвар авдаг болох, хязгаарлалтын бүсэд утаа гаргаж байвал торгох, дээр нь иргэд өөрсдөө утааны эсрэг хандив татвар өгдөг болох гэх мэт асар олон санаа  байгаа. Харин  дансаа шилэн болгочих хэрэгтэй. Нөгөө талаас утааны тухай ярихдаа мөнгө, хөрөнгө ярих хэрэггүй.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ ОРОН НУТАГ РУУ НҮҮЛГЭЕ

-Ирээдүйд нарийн төлөвлөгөөтэйгээр шинэ суурьшлын бүсийг бий болгох, төрийн захиргааны байгууллагуудыг гаргах асуудал яригдаж болох юм. Төрийн захиргааны байгууллага гэхээс илүүтэй их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг шийдэх ёстой юм болов уу гэж бид Засгийн газар дээр ярьж байгаа. Жишээ нь, ХААИС-ийг Сэлэнгэ юм уу Дарханд аваачдаг, ШУТИС-ийг Өмнөговь юм уу хаана байдаг юм, тэр нь тухайн мэргэжилтэн бэлтгэгдээд гарахдаа дадлагажаад гарах бололцоотой тийм орон нутагт их, дээд сургуулиудыг шилжүүлбэл илүү хурдан хугацаанд шийдвэрлээд явчих бололцоотой гэж бодож байна. Орон сууцжуулах асуудлын хувьд мэдээж 200 мянгыг тэр чигт нь орон сууцжуулна гэсэн ойлголт тийм бололцоо ч байхгүй.

 

УИХ-ын дарга М.Энхболд: ЦОРЫН ГАНЦ ЗАМ ОРОН СУУЦЖУУЛАХ

-Агаарын бохирдлыг бууруулах  цорын ганц зам бол иргэдийг орон сууцжуулах. Дундаж, дундаас доош орлоготой иргэд 80-100 ам метрээс бага талбайтай орон сууцанд орох  бололцоог бий болгоод барьсан орон сууц нь борлогддог, зээл нь төлөгддөг ийм зохицуулалтыг хийх нь чухал. Энэ бол агаарын бохирдлоос гарах хамгийн зөв арга. 1999 онд Улаанбаатар санд 50 мянган төгрөг цуглуулсан хүн Улаанбаатар хотын иргэн болно гэдэг шийдвэрийг би гаргаж байсан. 17 жилийн өмнө. Энэ бол Улаанбаатар хотын ачааллыг багасгах, тэгээд Улаанбаатар хотод шилжин ирсэн хүнд үзүүлэх нийгмийн үйлчилгээний зардал нь төсөвт байхгүй учраас тэрийг санд нь оруулаад, хотын ачааллыг багасгах, агаарын бохирдлыг бас бодож гаргаж байсан шийдвэр юм.

 

Хотын дарга С.Батболд: ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН

- “Гэр хорооллын суурьшлын бүсийг тэлэхгүй. Хотын суурьшлын бүсийг Багануур, Багахангай, Налайх дүүрэгт бий болгоно. Нийслэлийн агаарын чанарын бүсийг дөрвөн бүс болгож шинээр тогтоосон. Журамд хяналт тавих мэргэжлийн хяналтын байцаагчид агаарын чанарын байцаагчид болно. Айлууд стандартад нийцсэн зуух, сайжруулсан болон био, хийн түлш, халаагуур хэрэглэнэ. Үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн халаалтын зуух хэрэглэхийг хориглоно. 72 цэцэрлэг, сургуульд агаар шүүгч, өндөр настан, жирэмсэн эх, хүүхдүүдэд маск тараах арга хэмжээг Хотын захиргаанаас хэрэгжүүлнэ. 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нийслэлд ирэх шилжилтийг хязгаарласан.  Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлээд хотын зах, худалдааны төвүүдэд энгийн хийцтэй зуух худалдахыг хориглосон. Утаа их гаргадаг тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хална.

 

 

Speak out

Утааны талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

Баянгол дүүргийн иргэн М.Цэрэнханд:

ХҮН ЭРҮҮЛ БАЙЖ САЙХАН АМЬДАРНА

-Хамгийн түрүүнд хөндөх асуудлын нэг нь утаа байна. Хүн эрүүл байж сайхан амьдарна. Тэгвэл бидний энэ нөхцөл их алдагдаж байна. Тэгээд утааг арилгахын тулд төр, засгийн бодлого бас нэлээн жигдэрч байгаа болов уу гэж найдаж байна. Иргэн бүр өөрсдөө хичээх хэрэгтэй. Утааг багасгахын тулд ямар түлш түлэх үү, яавал болох уу гээд иргэдийн идэвхтэй оролцоо чухал байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Бат-Ангилт:

УТААНЫ МӨНГӨ ЮУНД ЗАРЦУУЛАГДААД БАЙГААГ МЭДЭХГҮЙ БАЙНА

-Утаа их байна. Цаанаасаа хийж байгаа юм байхгүй. Тэгсэн хэрнээ төсвөөс өч дөчнөөн хөрөнгө мөнгө гаргаад тэр нь хаагуур яаж, юунд зарцуулагдаад байгаа нь сайн мэдэгдэхгүй байна. Одоо тэр их мөнгө гаргаж өөр юманд зарцуулж байхын оронд гэр хорооллынхонд нэг ч болтугай орон сууц барьчихвал утаа багасахад  үр дүнгээ өгнө гэж бодож байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Р.Оюу:

УТАА ЭЦЭСТЭЭ ТУЛЧИХЛАА

-Утаа эцэстээ тулчихлаа. Утааг арилгахын тулд айл өрхүүдийг, онцгойлон гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах хэрэгтэй. Шөнийн цахилгааны үнийг тэг болгож байгаа асуудал бол эрсдэлтэй. Цахилгааны утаснаас эхлээд галын аюултай. Шилжих хөдөлгөөнийг зөв гэж бодож байгаа. Хотод байгаа иргэд хөдөө орон нутаг руу чиглэвэл зөв санагдаж байна. Хотод суурьших төлөвлөлтөө багасгаж чадвал утаа багасна. Хамгийн гол нь иргэдийг орон сууцжуулах нь утаанаас ангижруулах арга гэж бодож байна.

 

Баянгол дүүргийн иргэн А.Мягмаржав:

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ГАМШИГ БОЛЛОО

-Утаатай тэмцэнэ гээд өчнөөн жил явлаа. Дарга нарын мөнгө угаадаг ажил болсон болохоос биш ард түмэн утаанаас ангижирсан юм байхгүй. Сүүлдээ утааны хоруу чанар арилсан ч гэх шиг ард түмний тархийг угааж байна. Тэгэхээр энэ утаатай тэмцэхийн тулд элдвийн юм түлэхээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Үүнд хий мөн цахилгааныг хямдруулах. Ер нь гэр хорооллын цахилгааныг тэглэж байна гэсэн мөртлөө түүнийг хэмждэг гол хэмжээс өдөр, шөнийг ялгадаг тоолуур нь байхгүй. Түүнийгээ ард түмэнд хөнгөлж өгөхгүй учраас хэрэг дээрээ бүтэхгүй байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэн С.Жаргалсайхан:

ОРОН СУУЦЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Орон сууцны асуудлыг л хурдан шийдэж өгөх хэрэгтэй байна. Мөн цахилгааны шөнийн тарифийг тэглэж өгөх хэрэгтэй. Тэгж байж л багасна.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Түвшинбаяр:

ӨВӨЛ БИШ ЗУН ШИЙДЛЭЭ ОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Утаанд эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй. Өвөл биш зун шийдвэрээ, шийдлээ олох хэрэгтэй. Одоо асуулт тавиад ямар ч хэрэггүй. Хэчнээн хүн үхүүлж, хэчнээн хүн эмчлүүлэх гэж өч дөчнөөн мөнгө зарцуулж байгаа билээ. Энэ мөнгөөр чинь тэр эрс шийдэмгий хоёр жилийн алхам бол дор нь гараад ирнэ шүү дээ. Сая цахилгааны хөнгөлөлт хийлээ гэж байна. Үүний болзлууд нь их юм байна лээ. Кабель, тень авна хэдэн сая төгрөг гэдэг ч юм уу. Нүүрс түлж байгаа хүмүүс чинь нүүрсээ болиод тень авах боломжгүй шүү дээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэн П.Чулуунбаатар:

УТААНД ХОРДОЖ БАЙНА

-Утаа арай л биш байна. Хордож гүйцлээ. Дээд төвшинд арга хэмжээ авна гэж яриад байх юм. Ямар арга хэмжээ аваад ингэж утаатайгаа байгаад байдаг юм мэдэхгүй байна. Цахилгааны хөнгөлөлт хийнэ гээд байсан зарим газраа хийхгүй юм. Хоёр сарын 1-нээс ч гэх шиг. Гэр хорооллыг яаралтай байранд нүүлгэн шилжүүлж байж л энэ асуудал шийдэгдэх байх.