Барилгын инженер, эрүүлийг хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч гээд мэдлэг боловсролтойгоос эхлээд өндөр настнууд, өсвөр үеийнхэнд хүртэл “ хэцүү даалгавар” шиг санагддаг, заавал биднийг дагаж явдаг нэг зүйл бол “Цахилгааны мөнгө, НӨАТУС-ын систем, Татварын буцаалт, цалингийн тооцоолол, лизинг , хадгаламж “ санхүү, эдийн засгийн тухай энгийн ойлголтууд байдаг. 

Тиймээс мэргэжлийн биш хүмүүст аль болох энгийнээр, илүү хэрэглээ талаас нь тусламж болгох үүднээс энэхүү нийтлэлийг цувралаар бичиж эхлэхээр шийдээд байна.

Эхний бичвэрээр ӨРХИЙН ТӨСӨВ-ийн талаар болон ТАТВАРЫН БУЦААЛТ-ын материал бүрдүүлэлттэй холбоотой мэдээллийг бэлтгэлээ. 

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн хөгжлийн олон үе шатын туулж,  олон нийгмийн босгон бүтээж, халж шинэчлэн амьдарсаар ирсэн билээ. Энэ бүх хугацааны туршид хүмүүст олон төрлийн хэрэгцээ бий болж түүнийгээ хангах зорилгоор байгаль дэлхийгээс болон өөрсдөө шинээр бүтээж явсаар өнөө цагийн “асар их” хэрэглээний эрин үед ирээд байгаа юм. Тэгвэл байнга л өсөн нэмэгдэж байдаг хязгааргүй хэрэгцээг , байнга буурч хорогдож байдаг хязгаарлагдмал нөөц баялагаар хэрхэн хангахыг судалдаг шинжлэх ухааныг ЭДИЙН ЗАСАГ гэдэг. Бид мэдээж энэхүү шинжлэх ухааныг судлахгүй ч ӨРХИЙН ТӨСӨВ бол үүнтэй нэгэн адил ойлголт юм. Гэр бүлийн гишүүн бүрийн хүссэнийг өгч, гэртээ байнга шинэ тавилга худалдан авч, эсвэл орон сууцны нөхцлөө дээшлүүлээд байх боломж бидэнд тэр бүр олддоггүй шүү дээ. Тиймээс бид олж байгаа орлогоо хэрхэн зөв зарцуулах, хуримтлал бий болгох, нэмэлт орлого олох шаардлагаа тодорхойлж байхын тулд ӨРХИЙН ТӨСӨВ хөтөлж байх хэрэгтэй. Өрхийн төсвөө байгууллагын санхүүгийн алба шиг л хөтөлдөг мундаг гэр бүлүүд олон байгаа ч ихэнх гэр бүлүүд тойм тоо төдийгөөр төсөв мөнгөө хянаж амьдарч байгаа. Өрхийн төсөв хөтлөх бол тийм ч хэцүү зүйл биш.

Өрхийн төсөв нь 2 үндсэн хэсэгтэй . ОРЛОГО ба ЗАРЛАГА

Өрхийн орлого = Хязгаарлагдмал нөөц баялаг - Гэр бүлийн гишүүдийн цалин, эд хөрөнгийн түрээсийн болон худалдсан орлого гэх мэт шинээр бий болгосон санхүүгийн нөөц юм.

Өрхийн зарлага = Хязгааргүй хэрэгцээ – Хоол хүнс, цахилгаан дулааны төлбөр, машины шатахуун, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт. 

Өрхийн зарлагыг

Тогтмол /өдөр,сар, жил ямар нэг хугацааны давтамжтай заавал гарах зардал/ ба Тогтмол бус / гэнэтийн эвдрэл гэмтэл, баяр ёслолд уригдах гэх мэт / гэж ерөнхийлөн ангилдаг. Мөн бид худалдан авсан нэр төрөл, зориулалт, гэр бүлийн гишүүдээр гэх мэтээр хүссэн төрлөөрөө ангилж болно. Зарлагыг ангилах нь хяналт хийж, хэмнэлт гаргахад хамгийн чухал юм. Тухайлбал: Шатахууны нийт зардал өмнөх сарынхтай харьцуулахад нэмэгдсэн эсвэл буурсан эсэх, махны үнэ хаанаас худалдаж авбал хямд байсныг, Батаа Сараа 2-ын хэн нь илүү мөнгө зарцуулсан гэх мэтийг харж болно.  Зарлагыг ангилахад ямар ч хязгаарлалт байхгүй бөгөөд нийтлэг байдаг орлого, зарлагын жагсаалт бол элбэг тохиолдоно. 2017 он эхлээд удаагүй байгаа учраас цаг алдалгүй та бүхэн өрхий төсвөө хөтөлж эхлээрэй. Энэ бол бидний дараагийн удаа өрхийн төсвөө удирдах үйл явцад хамгийн чухал мэдээлэл болох зүйл юм.

Та 2016 онд өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авч эсхүл барьж байгуулсан уу? Таны хүүхэд их дээд сургуульд төлбөртэй суралцдаг уу?

Тийм бол Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд зааснаар /16.1.12.хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого/ дагуу 30,000,000 хүртэл төгрөгийн орлогоосоо татвар төлөхгүйгээр чөлөөлөгдөх боломжтой. Энэ нь байсан татвараасаа энэхүү 30,000,000 төгрөгийн орлогоос төлсөн татвар болох 3,000,000 төгрөгийг улсаас буцаан авна нь гэсэн үг юм. Мөн хуулинд зааснаар /24.6.Албан  татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

 24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна. /хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн дүнгийн 10%-ыг эргүүлэн авах боломжтой юм . 

Энэхүү татварын буцаан авалтыг авахын тулд 2 сарын 15-ны дотор харъяа татварын албанд өөрийн биеэр очиж өгөх эсвэл шуудангаар материалыг илгээх боломжтой. Ингэхдээ

  1. Өөрийн харъяа дүүргийн татварын хэлтэст очин цахим тайлангийн системд нэвтрэх нууц үг авна.
  2. e-tax.mta.mnхаягаар орж өөрийн регистрийн дугаараар / 2 удаа оруулна/ татварын хэлтэсээс өгсөн нууц үгийг ашиглан нэвтрэнэ.
  3. Тайлан тушаах хэсэг дэх ХХОАТын тайлангийн ТТ-06а, ТТ-06б маягтуудыг бөглөж хэвлэн авна. Тус тайлангийн үзүүлэлтүүдийг Цалингийн орлоготой хүмүүс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дэвтэрт үндэслэн бөглөнө.
  4. Тус тайлантай хамт дараах материалуудыг бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйг http://mta.mn/c/view/12140линкээр харах илүү дэлгэрэнгүй мэдээллийг харж болно.