УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 2016.12.16-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн баьсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцсэн. Улмаар жолоо барих эрхгүй этгээд согтуугаар жолоо барих юм бол 7-30 хоног баривчилдаг боллоо.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах зорилготой юм байна.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  тохиолдолд торгоод  баривчлах ял оногдуулахаар заасан байгаа.  Энэ нь шийтгэл давхардуулж байгаа хэрэг юм. Иймд нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрт нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт торгоод баривчлах бус 7-30 хоног баривчилдаг болж байгаа юм.

Өмнө нь Захиргааны хариуцлагын  тухай хуулийн 25.6-д согтууруулах ундаа  хэрэглээд жолоо барих эрхээ хасуулсан этгээд, эсвэл жолооны эрхгүй этгээд  согтуугаар жолоо барих юм бол баривчилдаг шийтгэл оногдуулдаг байсан.  Гэвч  сүүлд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдахад энэ хэсэг нь дээр дурьдсан байдлаар тодорхойгүй үлдсэн байсан тул ийнхүү засвар хийж байгаа.

Хууль батлагдснаар жолоо барих эрхээ хасуулсан болон эрхгүй этгээд согтуугаар жолоо барьсан 800 гаруй иргэнд шийтгэл давхардуулахгүй байх боломж бүрдээд байгаа юм.

УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг  өчигдөр хэлэлцэн  шийтгэл давхардуулдаг байдлыг арилгасан. Уг хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд гарснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх болно.

 

М.Мөнгөн