Ар Монгол асуудалтай байна. Хэсэг 1. Төрийн хямрал үргэлжилсээр… Ерөнхийлөгч Элбэгдорж оо, байна уу?

Ерөнхийлөгч Элбэгдорж саяхан зөвлөгчидөө цуглуулж төрийн хямралаас гарах гэж ярилцсан сурагтай. Төрийн хямрал гэдэг эдийн засгийн хямрал гэсэн үг. Эдийн засгийг хэзээ ч төрөөс салгаж болохгүй гэж онолчид бичсэнийг уншсан эдийн засагч байна уу. Эсвэл зориуд Ар Монголын төрийг эдийн засгаас салгаж хавцал руу түлхсэн юм уу. Ерөнхийлөгчид зөвлөгчидийн хэн нь төрийг хэрэггүй гэж ард түмнийг мунхруулж нэг нэгэндээ чоно болгов? Төргүй газар баталгаат амьрал устаж хүн бүр дураараа дургиж бор зүрхээрээ амьдардаг тул хүн хүндээ чоно болдог гэж бас онолчид бичсэн шүү дээ. Үүнийг бас л уншаагүй.

Ном битгий унш гэж уриалдаг уншдаггүй хүмүүс өөрсдийгөө яаж эрхэм гэж хэлж чадаж байнаа? Ном уншихгүй бол толгой хөгжихгүй. Хөгжихгүй толгойтой хүмүүс төрийг яаж авч явнаа. Ном уншдаггүй хүмүүс яаж эдийн засгийг босгоноо. 20 гаруй жил эдийн засгаа устгаж өнөөдөр зөвхөн Өвөр Монголын хилээр л тэжээл орж ирж судас тэжээгдэж зүрх цохилож байх шив. Өвөр Монгол байхгүй бол яана. Судсаар цус гүйхээ болих байлгүй.

Хойд хөрш Буриад Монгол руу ядаж хилээ хаачихсан. Эдийн засгийн хоёр дахь судастай бол ядаж судас цусаар бүрэн хангагдахсан. Хэн хоёр дахь судас Буриад Монголын хилийг хаагаад орхи гэж саарал ордонд нууцаар хуйвалдаж тушаал гаргав? Аягүй бол нөгөө Орос оронд сурч чадалгүй хөөгдсөн нөхдүүд биз дээ. Сурч чадахгүй хулчгар нөхдийг хөөхгүй яах вэ дээ. Бурууг өөрөөсөө л хайх хэрэгтэй.

Яагаад Ар Монголыг зөвхөн Өвөр Монголын Эрээн хотоос ганцхан хамааралтай болгов? Хэн бэ? Чөлөөт зах зээл ярьж байгаад ёстой ганцхан Эрээн хотоос хамааралтай болгосон эдийн засагч нэртэй Ар Монголын эдийн засгийн дайснууд хэн бэ? Буриад Монголын хилийг онгойлговол ядаж Эрээн хотоос өөр сонголттой болох бидэнд үр ашигтай бишүү? Эсвэл зориуд үр ашиггүй сонголтгүй амьдралд хорих гээд байна уу? Москва, Берлин, Варшав, Праг, София, Бухарест, Будапешт гээд л Европын соёлт ертөнцтэй найзлаж тэднээс чанартай эдэлгээтэй бараа таваар авч оюутан залуусаа сургаж их зантай хараа дээгүүр явсан тэр соён гэгээрлийн үе өнгөрч дээ.

Өнөөдөр Ар Монгол тэднээсээ хоцорч мэдлэг боловсролгүй хогондоо баригдсан мухар сүсэгтэй бөөгийн их дээд сургуультай бөөгийн морин хуурчинтай бөөгийн яруу найрагчидтай бөөгийн Ар Монгол болжээ. Дэлхийн бүх л сонгодог урлаг сонгодог мэдлэг сонгодог биеийн тамир спортоос хүртэл хоцорчээ. Ганцхан иддэг хоол нь үүх түүх Хүннү Сүннү өвөг дээдэс үндэсний нэртэй Өвөр Монгол, Буриад Монголд ч байдаг дээл хувцас. Бөх барилдах болохоос хөнгөн атлетикийн хүнгүй болжээ.

Москва хотод болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аваргад явах олигтой баг алга. Зодоон цохион бөх барилдахыгаа спорт гэж нэрлэдэг болжээ. Эрүүл чийрэг болгодог спортоос тасарч бясалгадаг, эм уудаг, Херба лайф нэрийн дор хор уудаг хүмүүс л болцгоожээ. Цагийн сайнд Өвөр Монголыг ардаа орхиж Буриад Монголд атаархуулталаа Европын орнуудтай найз явлаа. Сүүлийн 20 жил ерөнхийлөгч, ерөнхий сайдууд маань Оросуудад худлаа яриад тэднийгээ гомдоочихсон. Улстөрчид, эдийн засагчид маань Хятадуудад хулгай хийдгээрээ баригдаад тэднийгээ буруу харуулчихсан. Яаж Ар Монгол хүн болноо.

Энэ айл ямар вэ гэдгийг хөршүүдээс нь асуу гэсэн үг бий. Тэр хоёроос Ар Монгол ямар вэ гэж Америкууд асуухад юу гэж хариулсан бол? Орос оронд эдийн засаг улстөр сурсан нэртэй өвгөд хөгшид маань Сүхбаатарын талбайд гарч ирсэн залуустай хуйвалдаж Ар Монголыг аж үйлдвэргүй болгож лангууны орон болгожээ. Эр эмгүй хөгшин залуугүй бүгд л лангууны ард. Компани бүр нь дестрибютер, албан ёсны төлөөлөгч. Лангууны Ар Монгол контэйнер зохиогдоогүй бол яана. Дотоодын ганц брэнд бараа нь шилтэй архи. Ичмээр.

Социализмын үед хар наймаа хийхийг хорьдог байсан. Тэр зөв. Төртэй газар ийм л байдаг. Өнөөдөр улс орноороо наймаачин болжээ. Хурдан мөнгөтэй болж диплом худалдаж аваад л боллоо. Профессор нэртэй худлаа их мэдэхүүд ямар ч амархан шалгалт авдаг юм бэ. Социализмын үед шалгалтандаа унаж уйлдаг байсан. Өнөөдөр уйлах байтугай гэмших оюутан алга. Профессорууд өөрсдөө ном уншаад толгой нь өвдөж ном нэртэй галзуу хүний өдрийн тэмдэглэлээ хэвлэлийн компаниудаар бас хэвлүүлээд амжина. Тэгээд бас номд мөргө гэж мухар сүсэгтэнэ.

Ар Монгол яана даа. 20 гаруй жил төрийн хямралтай явна гэдэг дэлхийн аль ч оронд үзэгдээгүй үзэгдэл. Хэдэн зуун жилийн өмнө бол хямралаас гарахын тулд худлаа дайн зарлаж дараа нь дэлхийг эзэлсэн гэж хөөрөх байсан болов уу. Ар Монгол хоосон хөөрөхөөс өөр юу чаддаг билээ. Хоосон төрийн шагнал, хоосон Сүхбаатарын одонгоос өөр дотроо хөөрөх юу байна. Хоосон ардын баатар нь дэлхийн хамгийн том ардчилсан хувьсгал хийсэн Лениний хөшөөг нураачихсан.

Ленин 1924 онд нас барах хүртэлээ ганц ч хүн алаагүй шүү дээ. Энэ онд бас Сүхбаатар нас барсан. Ардчилалын түүх мэдэхгүй байж бас ардчилал ярих санаатай. Ардчилсан гэж өөрсдийгөө нэрлэх ямар ч дуртай юм бэ дээ. Ардчилал хоол өгөхгүй. Ардчилал ажлын байр бий болгохгүй. Ардчилал хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэхгүй. Ардчилал зөвхөн үргэжлийн явагдах улстөр нийгмийн явц бөгөөд хэзээ ч зогсохгүй.Ардчиллыг байгуулах ямар ч боломжгүй. Ардчиллыг зөвхөн амьдралдаа хэрэглэх л боломжтой. Хэрэглэж чадахын тулд боловсрол хэрэгтэй. Ар Монгол боловсролоо устгасан шүү дээ.

Номын сангуудад унш гээд жагсаасан номын жагсалтуудыг хараад энэ оронд сүүлийн 20 жилд ямар аймаар юм болсоныг амархан ойлгоно. Аливаа зүйл гацаанд орохоор наашаа ч үгүй цаашаа ч үгүй болдог. Бид гацаанд оржээ. Ар Монгол 90 онд ардчилал нэртэйгээр улстөр нийгэм хувь хүмүүсийн төөрөгдөлд орсон ба үүгээр төрийн хямрал эхэлсэн. Төргүй болсон Ар Монгол дэлхийгээр хэсэн явж худлаа ярьж, хулгай хийж заль хэрэглэж явсаар 20 гаруй жилийн дараа бүгдийн инээдэм доог болж ичих нүүрээ хийх газаргүй болжээ. Гадаад оронд очиж би Монгол гэж хэлэхээс ичих биш бүр ажил бүтэхгүй болжээ.Танай төрийн хүмүүс гээд мушилзаж шоолдог болжээ.

Германы сэтгүүлд Оюу толгойд юу болсон тухай бичиж алтан дээр суусан гуйлгачин биш алтаа зараад гуйлгачин хэвээр тухай баримтууд бичжээ. Ичмээр. Ерөнхийлөгч нэртэй хүмүүс гарч ирж хоол ундаар хөөцөлдөж, ерөнхий сайд нэртэй хүмүүс гарч ирж мөнгө төгрөг эргүүлж, улстөрч нэртэй нутгийн индианууд гарч ирж Улаантбаатар хотыг хот биш малын хороо болгож, компаний босс группын СЭО эсвэл концерны босс нэртэй хорвоогийн сайн муу мэдэхгүй юм үзэж нүд тайлаагүй сэргэлэн л бол боллоо шүү дээ гэнэн эрчүүд маань ухааны төөрөгдлөөс авахуулаад амьдралын төөрөгдөлд орцгоожээ. Тэд мэдлэг боловсрол гадаад хэл мэдэх шаардлагагүй гэж эдийн засгийг санхүүгийн капитализмаас ялгахгүй өнөөг хүрлээ дээ.Төрийн хямрал мэдээж эдийн засгаа утгасан ерөнхий сайд явцгаасан өнөөдөр өвгөн болсон хүмүүсээс л эхлэлтэй.

Зун наадам нэртэй хошин шог тоглоно. Өвөл цагаан сар нэртэй эмгэнэлт жүжиг тоглоно. Ар Монгол өшөө их асуудалтай байна даа. Бие чөтгөр байж болно. Гэтэл ухаан мунхаг биш бол мөн ч их зүйл хийж улс орон хөгжинө дөө. Даан ч ухаан саруул төрийн хүмүүс алга даа. Яагаад саруул ухаан нь мунхаг болов? Эсвэл ерөөсөө мунхаг ухаантай байсан юм уу? Ардчиллыг хувьчлалтай л хамт хийчихвэл Ар Монгол хөгжинө гэж хэн гэдэг мянгуужин хэлэв ээ? Хүн төрөлхтний дотор хамгийн их төөрөгдсөн ард түмний Гиннесийн ном гэж байдаг бол тэнд Ар Монгол бичигдэх болов уу.

Ерөнхий сайдууд нь бүгдээрээ мянгуужин байсан гэж бас нэмж бичих хэрэгтэй. Ерөнхийлөгч Элбэгдорж мянгуужингуудаа цуглуулчихсан зөвлөлгөө аваад сууж байсан сурагтай. Ерөнхийлөгчийн дэргэд хуучин шинэ мянгуужингуудын дугуйлан үүсэхнээ. 20 гаруй жил худлаа ярьж алдаа хийсэн хүмүүсээс ямар зөвлөлгөө авах гээ вэ? Урьд хормойгоороо хойд хормойгоо нөхөх гээ юу аль эсвэл бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж 20 гаруй жил цөөхүүлээ нийлж хуйвалдсаныгаа нууж өнөөдөр ямар ч хүчингүй болсон зүйр цэцэн үгээр ам таглах гэж байна уу? Хоосон толгойтой хүмүүс хэлэлцвэл ёстой буруутна даа. Илжигний толгойд алт хийгээд ч ус хийгээд ч сэгсэрэх нэмэргүй.

Данзангийн Равжаа архи битгий уугаа ч гэж хар маасд зориулан шүлэг бичсэн байдаг. Өнөөдөр яруу найраг бичдэг хүмүүс нь архичин. Болор цомын яруу найрагчид архи уухгүй бол онгод орохгүй гэж архидан согтуурч мансууралдаа хэнд ч хэрэггүй ямар ч утгагүй амьдралд тус болохгүй боловсролгүй мэдлэггүй хувийнхаа хэдэн үгсийг агаарт цацна. Шүлэг бичээд тэгээд яах гээд байгаа юм бэ. Шүлэг бичихийн оронд хөдөлмөр хийгэээ ч. Шүлэг нэртэй хувийн санаагаа арай хаа ч хүчинтэй мэдлэг гэх гээд байгаа юм биш биздээ. Лам нэртэй мангуудуу эрчүүд мөнгө өгөхгүй бол хөдлөхгүй. Өөхтэй мах идээд бүр таргалчихсан. Түвд, Энэтхэг, Японы Буддын шашинтангууд мах идэх байтугай сүү ч уудаггүй гэсэн. Мах идэхийг амьтан чанар луугаа шилжинэ гэжээ. Сүү уухыг ямар нялх хүүхэд биш гэжээ.

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр Ар Монголд ёстой л бурхан алга тул галзуурч байна даа. Арван жилийн сургуульд явах ёстой баньд нарыг зарцалсан лам нар нүгэл хийхийн хажуугаар бас улс орныг хөгжилөөс ухрааж шинжлэх ухааны үндэслэлтэй Буддийн шашин гэж хүртэл хүн төрөлхтөний байгуулсан мэдлэг боловсролыг ичихгүй доромжилдог болжээ. Бурхан шашны роман ч гэх шиг. Ар Монгол ийм л худлаа улстөрч, худлаа эдийн засагч, худлаа яруу найрагч, худлаа лам, худлаа профессороор дүүрчихсэн байна шүү дээ.

Хүүхэд насаа орхиогүй шилжилтийн насандаа яваа энэ олон төөрөгдсөн эрчүүдээ яанаа? Биеийг нь харахаар уул шиг том ухааныг нь сонсохоор шумуул шиг бяцхан. Ар Монгол дахин сэргэх боломж бий юу?Элбэгдорж хэнээс зөвлөлгөө авах гээд буйгаа мэдэж байна уу? Хоосон хүмүүсийг юуг нь их цуглуулж хошгоруулаад байна вэ? Үндэстэнээ сэргэн мандуулах мэдлэг боловсролтой хүнээ олоо ч сонгоо ч сонсоо ч.

Битгий ном уншаагүй хуучуултай зууралдаа ч. Тэднийг хаяаа чээ. Зөвлөгчид дотор чинь Английн төрийн онолч Хоббэсийн ном уншсан хүн байна уу? Америкийн ардчилал судлаач Жон Дэвэйгийн номыг уншсан хүн байна уу? Германы философч Хэгэлийн номыг уншсан хүн байна уу? Францын сурган хүмүүжлийн онолч Руссогийн ном уншсан хүн байна уу? Төрийн онолч хэрэгтэй байна шүү дээ. Ерөнхийлөгч Элбэгдорж оо байна уу? Байна уу?

Доктор инженер, доктор философи С.Молор-Эрдэнэ