Ард түмэн сонгуулиар МАН-д 65 итгэл хүлээлгэсэн. Харин тэр 65 нь жаран чавганцийн хурдаар ажиллаж, гараас нь ганц бүтэлтэй юм гарсангүй долоон сарыг авлаа.

Далай ламын айлчлалаас болж урд хөршдөө базуулж, гадаад хэргийн сайд нь Хятадын хөлд сөхрөх нь холгүй хошуу дэвсэж байдлыг зөөллөсөн нь эрх баригчдын горьдсон зээлд нааштай ч ард түмэнд муухай харагдсан.

Засгийн газар нь бондын өрийг төлөх ганцхан асуудалтай, түүнийхээ хойноос өдөр шөнөгүй зүтгээстэй. Дотоодоос босгож чадахгүйгээс хойш гадны зээл хөөцөлдөнө. Хугацаа нь тулсан ч бодит шийдвэр үгүй. УИХ-аар баталгаа гаргуулах ганц бичиг шидэх гэж улирлын ажил болгоно.

Долларын ханш улам бүр өссөөр. Хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ий өсөлтөд анхаарах сөхөөгүй. Харин иргэдийн амьжиргаа залгуулдаг ТҮЦ-ийг хураан нүүлгэж, нус нулимстай нь хутгахыг дээрээс хараастай.

Шатахууны үнэ өсөв. Эрх баригчид гитардсан зургандаа, кноп дарсандаа, идсэн уусандаа тайлбар хийж биеэ өмөөрөхөөс биш үнийн өсөлтийн талаар ганц үг дуугарахгүй. Халамжийн бодлогоороо лоозон барьж, ахмадууд, эхчүүдэд хэдэн төгрөг тарааснаа мөрийн хөтөлбөрийн биелэлт гэж цэцэрхэх ч, шатахууны үнэ өсгөх овжин бодлогын суурь болгосноо нууцална.

“Эрдэнэт”-ийг ээрээстэй. Гадагшаа урсах ногдол ашгийг үндэсний компани хүртэж, түүгээрээ өргөжүүлэх үйлдвэр, ажлын байрны нэмэгдэл, эцсийн бүтээгдэхүүн үйлвэрлэл гээд олон асуудал шийдэхийг мэдэж байгаа ч тогоондоо “алалцсаар”. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 5000 доллароос бага үед роялти татвар төлдөггүй хуулиа өөрсдөө гарсан атлаа төсөвт өгөх татвар буурсан гэж улстөржүүлнэ. Ханш 5000-ыг давж, улсад төлөх татвар өндөр гарах үед юу гэж тайлбарлах бол.

Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компани “Шинхуа”-д өгөх тохироог цагаан сарын билэгшээлт өдрүүдээр амжуулахаар хотоос гарч хуралдаастай. Уг шийдвэрт “за” гэж хэлэх 65-ын ихэнх нь Тэрэлжид идсэн хоолондоо хордох вий гэж түгшээстэй.

МАН-ын эрх барьсан эхний долоохон сарыг багцлахад л ийм байна. Бүтэлтэй ганцхан жишээг сануулж, бүрхэг ирээдүйг мартагнуулаач МАН-ынхаан.

Э.Бат