Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлсэн. “Монгол росцветмент” дагаж төрийн мэдэлд орж байгаа.  Харин төрийн эзэмшлийн 51 хувийг  2009 онд “Жаст”-ын Ш.Батхүү  барьцаанд тавьж  “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.доллар зээлж, төлсөн төлөөгүй гэдэгтэй холбоотойгоор  Эрдэнэтийн  49 хувийн эзэмшигч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын  газрын  дарга хоёр өөр байр суурь илэрхийлсэн.  Өөрөөр хэлбэл Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр  Монголын төр Арбитрын шүүхэд ялагдсан, их хэмжээний мөнгө төлөх ёстой ч юм шиг үгүй ч юм шиг мэдээлэл байгаа. Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төлөөлж “Монголын зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар өөр мэдээлэл өгч байна.  Ингээд тэдний байр суурийг хүргэе.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор:  “140 сая ам.доллар төлнө гэсэн зүйл яригдаад байгаа. Нэгт, тийм нэхэмжлэл байхгүй. Арбитрын шүүх дээр маргаан явж байгаа юу гэвэл бий.  Гэхдээ тийм их тоо биш.  Хоёрт, өмгөөллийн зардлын асуудал, шүүхийн зардал,  зээлийн үлдэгдэл төлбөртэй холбоотой  тодорхой  асуудал бий.  Нэгэнт олон улсын шүүх байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад  олон нийтэд цацах нь хуулиар хориотой. Монголын төрийн  талаас үүнийг зөвшөөрсөн хэлбэртэйгээр цацаж болохгүй.  Тэгвэл Монголын тал өртэйгээ хүлээн зөвшөөрөөд байна гээд давж заалдах эрхгүй болно.   49-ын талын төлөөлөл Мөнхбаатар бол зээлийн үлдэгдэл 50 сая доллар эцсийн шийдвэр гэж байна. Тийм биш. Тэрийг завж заалдах тухай, өмгөөлөгч хуульч хөлслөх тухай,  шүүхийн зардлыг төлөх тухай асуудлыг ярьж байна шүү дээ.  49,51 хувийн хэн нь бай,  аль ч тохиолдолд Монголын төрийн  эрх ашиг нэгт тавигдана.”  

“Монголын зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Өнөөдрийн байдлаар үүсээд байгаа нөхцөлөөр 51 сая ам.долларыг төлөх эцсийн шийдвэр гарсан. Үүн дээр нэмэх нь тухайн зээлийн хүү, торгууль, алданги, хуулийн компанийн зардал гэх мэтчилэнгээр 100 шахам сая ам.долларыг төлөх  магадлалтай талаар  шийдвэр гарахаар хүлээгдэж байгаа.  Эрдэнэт үйлдвэр маань  өөрөө албан ёсоор энэ шүүхийн шийдвэрийн маргаантайгаар  маргаж тэрийгээ Лондонгийн  Хайкортод өргөдлөө өгсөн.  Өнөөдрийн байдлаар гурван удаа хурал хойшлоод байгаа.  3-р сарын 20-ны өдөр ээлжит хурал зарлагдсан.  Нөгөө талаас шаардаж байгаа шаардлага бол 100 гаран сая ам.долларыг  Лондон дахь дансанд хэрвээ байршуулах юм бол  дээрх давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж болох магадлалтай боломжтой гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Бодит байдал дээр Эрдэнэт үйлдвэр маань өөрөө  ялагдсан, нөхцөл байдал үүсээд байгаа.  51 сая ам.доллартой холбоотой маргаан эцэслэгдсэн.  Одоо үүн дээр нэмэх нь  хэдэн сая ам.доллар төлөх вэ гэдэг маргаан явж байгаа.  Шүүхийн зардал гэж Эрдэнэт үйлдвэрээс 10 сая ам.доллар,  нөгөө талаас гарчихсан байгаа нь  20 сая ам.доллар. мэдээж маргаан үүссэн байгаатай холбоотойгоор  хоёр тал шүүхийн нэмэлт зардлыг гаргана. Дээрээс нь хүү  болон бусад алдангын талаар 20-30 сая ам.долларын  асуудал яригдаж байгаа.  

Талууд өөр өөр байр суурь илэрхийлж байна. Хэн нь үнэн ярьсныг  ирэх сарын 20-ны өдөр хуралдах шүүхийн шийдвэр батлах болно.  Бид шүүхийн шийдвэрийн талаар эргэж мэдээлэх болно.