​МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал сайжирч байгаа хэдий ч жил орчимын хугацаанд онгоцоор нисэхгүй байх шаардлагыг эмч нар нь тавьж байгаа аж.

Тэгэхээр энэ хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр намаа алсаас удирдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МАХН-ыг дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва нөхдийн хамт гардан удирдана. Тэгэхээр энэ хугацаанд Д.Тэрбишдавга тэргүүтэй нөхөд намынхаа даргын зааврыг хэр чих зөөлөн хүлээж авах бол гэдэг нь сонин асуулт болж хувираад  байгаа юм.

Гэтэл юм юмны духанд хүрээгүй байхад Д.Тэрбишдагва тэргүүтэй нөхөд нь жирийн гишүүдийнхээ бухимдлыг төрүүлж, даргынхаа чихийг халууцуулаад эхэлжээ.

Тодруулбал, МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын албаны дарга Д.Цогтбаатар нарыг жирийн гишүүдээ үл тоон “Н.Энхбаяр даргынхаа эсрэг хөдөлж эхэллээ” гэсэн хардлага намынх нь гишүүд дунд гарч эхэлжээ. Тэдний үзэж байгаагаар  намынх нь удирдлагууд дүрмээ зөрчин байж Мянгатын хурал зарлан албан тушаалтнуудын халаа, сэлгээг хийж эхэлсэн гэнэ. Ингэхдээ Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр намынхаа удирдлагуудын зааврын дагуу Ардчилсан намтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ажилласан хүмүүсийг “хусаж”, өөрсдийн хүмүүсийг тавьж байгаа гэх. Тэр ч бүү хэл дээрх хүмүүс хурлын үеэр “Бидний үг бол Н.Энхбаярын үг л гэсэн үг” гэх зэргээр намынхаа даргыг басах өнгө аяс хүртэл илэрхийлсэн гэх.

Үүгээр ч үл барам МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва Ардын намын XXVII их хурлын төлөөлөгчдөд ил захидал илгээж, хоёр намаа  нэгтгэх тал дээр анхаарлаа хандуулахыг уриалсан нь МАХН-ын жирийн гишүүдийн дургүйцлийг нэлээд хүргээд байгаа аж. Учир нь МАХН-ын жирийн гишүүд намынх нь толгойд суусан олигархиуд өөрсөдтэйгөө ижил зиндааны гишүүдээр намаа “цус сэлбэж”, ард түмний төлөөллийг гадуурхан, шахах бодлого баримталж байна гэж үзэж байгаа аж. Үнэхээр ч МАХН-ыг шууд удирдаж байгаа хүмүүс зиндаа дээшлэхийг санаархсан байж болох талтай юм. Тэд үргэлж “Хүний нөөцөөр дутмаг” гэсэн шүүмжлэлд өртдөг бөгөөд бусад намынханд басуулсаар ирсэн. Тиймээс МАХН-ыг шууд удирдаж байгаа нөхөд Ардын намтай “Нэгдэж, нийлэх хэрэгтэй” гэсэн өнгө аясыг нүүрэн дээрээ илэрхийлж байвч цаагуураа Ардын намын хүний нөөцийг “урвуулж”,  өөрсөдтэйгөө ижил зиндааны хүмүүсээр намаа хүрээлүүлэхийг чухалчилж үзсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

Хэрэв энэ үнэн бол МАХН-д удахгүй эрх мэдлийн төлөөх “тулаан” өрнөх нь дамжиггүй юм. Нэг талд МАХН-ын дэд, Шадар сайд Д.Тэрбишдагваар тэргүүлүүлсэн МАХН-ын сайд нар зогсох бол нөгөө талд нь МАХН-ын дарга Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, жирийн гишүүдтэйгээ зогсох биз. МАХН-ын дарга Н.Энхбаярыг улаан цээжээрээ хамгаалж байсан хүмүүс Засгийн газрын гишүүн болсноосоо хойш түүний талаар тийм ч их дурсахаа болиод байгаа.

Саяхан МАХН-ын жирийн гишүүд Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, намынхаа байранд жагсаал зохион байгуулж харагдсан. Нөгөөтэйгүүр, МАХН-ын дарга Н.Энхбаярын “Улаан хамгаалагчид” гэгдэх УИХ-ын гишүүд ч Засгийн газрын үйл ажиллагаанд, тэр дундаа намаасаа сонгогдсон сайд нартаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхлээд байгаа билээ.

Намын даргаа эзгүйчилсэн МАХН-ын удирдлагууд Н.Энхбаярыг дэмжигчдийн дургүйг хүргэх нь хэр сайн зүйлд хүргэх юм бол доо.