Хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалж, 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарч дуулиан тарьж байсан.  Хэрэгтнийг олохын тул цагдаа болон хууль хяналтынхан ярьсан утасны талаарх мэдээллийг авах гэтэл тус аймаг дахь Мобикомын удирдах  ажилтнууд цааргалж, мөрдөн байцаалтанд саад учруулж байсныг уншигч та санаж байгаа бизээ.

 

Тэгвэл нийслэлд оны өмнөх нь ийм хэрэг гарчээ. Тодруулбал 1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэгч залуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд 16 настай Б хэмээх хүүд хутга тулган барьцаалжээ. Улмаар аав руу нь утасдаж, “3-4 цагийн дотор 80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн байна.

 

Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зааснаар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүж байгаа бөгөөд түүнийг буруутайд тооцвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж.