Монголын үндэсний урлагийн “Домог” хамтлаг нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор үндэсний язгуур урлагаа эх орондоо болон дэлхий дахинаа сурталчлан таниулах, уламжлан хадгалах, орчин үеийн болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуур, хөөмэйн аялгуутай хослуулан мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээл туурвих зорилготойгоор байгуулагдсан билээ.

“Домог” хамтлаг нь мэргэжлийн морин хуурын дөрвөл ба цохивор хөгжимчин бүхий 5 хүний бүрэлдхүүнтэйгээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус хамтлаг нь Америк, Европ, Азийн олон улсаар аялан тоглож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, үндэсний гайхамшигт урлагаа сурталчилсаар ирсэн юм.

2012 онд Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд анх удаа нэгдэн тоглосноос эхлэн жил бүр өөрийн гэсэн өнгө аяс, үзэл санааг илэрхийлж, үндэсний урлагийн хөгжлийг монгол түмэндээ хүртээсээр ирсэн. Домог хамтлаг энэ жил 6 дахь удаагаа оролцож, уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барих гэж байна.