Уул руу зураг авахаар явсан эмэгтэй осгосон байдалтай амиа алдсан хэргийн талаар бид өнгөрсөн амралтын өдрөөр мэдээлж байсан билээ.

Тэгвэл тухайн эмэгтэйн амиа алдсан хэргийн шалтгаан тодорхой болсон байна.  Сүүлийн үед хүмүүс байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, ууланд авиралт хийх явдал ихэсч, улмаар тухайн агшныг харуулсан фото зургаа өөрөө дарж /олны хэлж заншсанаар селфи хийж/ твиттер, Facebook хуудсанд байршуулах нь ихэссэн. Энэ нь зарим тохиолдолд өөрийн болон бусдын амь насыг эрсдэлтэй нөхцөл, байдалд хүргэсээр байна.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар /сумын төвөөс 2 км-т  иргэн Г /30 настай, эмэгтэй/ энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед уул руу зураг авна гэж яваад одоог болтол ирээгүй байна гэсэн дуудлага маргааш өдөр нь 00:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын Урд энгэр гэдэг газраас олсон уул руу зураг авна гэж ганцаараа яваад халтирч унан, толгойдоо гэмтэл авсны улмаас тусламж дуудаж чадалгүй улмаар осгож амь насаа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарчээ.

Иймд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явах, өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгохгүй байх, анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааруулж байна.