Сар шинийн баяр хэзээ мөдгүй боллоо. Айл бүр л цагаан сарын баярын бэлтгэл хийж байна. Мэдээж Монгол хүн л болсон хойно Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих санаа сэтгэл төрнө. Гэвч өнөөх үндэсний үйлдвэрлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ тэнгэрт хадсан үнэтэйгээр худалдаалах.

Энд тэндхийн үзэсгэлэн худалдаагаар хэслээ. Тавгийн идээн дээр тавих ааруул гурилтай нь 10 000. Гурилгүй нь 12 000. 12 000 үнэтэй ааруулууд дунд гурилтай нь ч байна лээ. Сүүн ааруул бол бүүр тэнгэрийн үнэтэй. Уг нь мал сүргээр арвин Монгол улсад ааруул ийм өндөр үнэтэй баймааргүй. Нөгөө талаас буяндаа бузар оруулж байгаа мэт гурилтай ааруулыг ингэж үнэтэй зарж байгаа малчдад дургүй хүрэхгүй байхын аргагүй.

Үндэсний дээл хувцасны үнэ цагаан сарыг дөхөөд ирэхээр бас л үнээ нэмчихнэ. Энгийн үед 120-150 000 төгрөгийн ханштай аятайхан дээл 200 000 болсон байх жишээтэй.

За тэгээд гарын бэлэг болгоод өгчихмөөр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд хэтэрхий үнэтэй. Арай хямдыг нь сонгох гэхээр хүнд өгөхөөс санаа зовмоор. Өнгө үзэмж, загвар муутай.

Энэ бол өнөөдрийн үндэсний үйлдвэрлэгчдийн нийтлэг төрх. Хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодол байхгүй биш байна. Даанч нэг бол хэтэрхий үнэтэй, эс бөгөөс хэтэрхий өнгө үзэмж муутай.  

Хүнс нь ч, эд хэрэглэл нь ч ийм байхад хэн үндэсний үйлдвэрлэлийг сонгох вэ? Монголын ард түмний дийлэнх нь мөнгөгүй  байхад тэнгэрийн үнэтэй үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг бэрх. Тиймдээ ч арай хямдхан гадаадын бараа сонгож байгааг үндэсний үйлдвэрлэгчид анхаарна биз.