Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг булаан авч, Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн тогтоол гаргаснаа буцааж татсан билээ. Гэтэл одоогийн Засгийн газар тэрхүү шийдвэрээсээ буцаж, судлаачдыг хуурч төөрөгдүүлэн тус хүрээлэнгийн байрыг Прокурорын газарт өгөх тухай шийдвэрийг дахин гаргасан аж.

Улмаар Засгийн газрын 270-р тогтоолыг цуцлахыг шаардсан хэвлэлийн бага хурлыг Шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, "Шинжлэх ухаанаа аваръя" түр хорооноос өчигдөр /2017.02.16/ зохион байгуулж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Шаардлагын хариуг 2017 оны 2 дугаар сарын 21-ний дотор авах бөгөөд хариу ирүүлээгүй тохиолдолд "Ажлын байрыг минь буцааж өгөөч?" сэдэвт гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүйгээр зохион байгуулах аж.

ШУА-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооны дарга Т.Баясгалан хэлэхдээ,“Энэ асуудал үе үе дахин дахин сөхөгдөж, ШУА-ийн 8-р байр буюу Палеонтологи, Геологийн Хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт суллаж өгөх шаардлагыг тавьж, судлаачдын санаа сэтгэлийг алдагдуулж, тайван ажлаа хийх нөхцлийг нь үймүүлж ирсэн. ШУА-ийн 8-р байрыг авах гэж төр засгийн байгууллагууд эрх мэдлээ ашиглан булаан дээрэмдэх ажил зогсохгүй байна. Ер нь ШУ-ны салбарт чиглэсэн буруу шийдвэрүүд аль ч нам засгийн үед үе дамжин уламжлан хэрэгжиж байгаад эрдэмтэн судлаачид бид бухимдаж байна. Үүнийг эсэргүүцэж байна” хэмээв.