Гал тахиа жилийн цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны эхлэх цаг нь наашилжээ. Уламжлал ёсоор сар шинийн барилдаан 14:00 цагаас эхэлдэг байсан бол энэ жил 12 цагт эхлэхээр болсон байна.

 

Тус барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болно.

 

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна.

 

Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах ажээ.