Замын цагдаагийн албаны алба хаагчид хоногт 30-40 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Согтуугаар үйлдэгдсэн ослоос үүдэн гарах хохирлын хэмжээ бусад төрлийнхийг бодвол ихээхэн хор уршигтай байдаг. Согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хориотой гэдгийг хүн бүр сайн мэдэх боловч бага хэмжээний хэрэглэхэд ямар ч нөлөөгүй, зөвшөөрдөг мэт бодож явдаг хүмүүс цөөнгүй.

Этилийн спирт нь мансууруулах бодисын нэг адил тархины бор давхрага, төв мэдрэлийн системд нөлөөлж, бие организмын үйл ажиллагаа, ажиллах чадварыг сулруулдаг. Жишээ нь: Нэг цайны халбага орчим буюу 5 мл согтууруулах ундааны зүйл нь баримжаалах чадварыг 25-35%-иар бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Мөн энэ хэмжээний согтууруулах ундааны зүйл нь харах, сонсох, өнгө ялгах чадварыг бууруулдаг гэж үздэг.

МУ-ын ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлд “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сар-2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

Манай жолооч нар согтууруулах ундааны зүйл гэдэгт зөвхөн архи, пиво, дарс зэргийг ойлгодог. Гэтэл МУ-ын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарах буюу айраг хүртэл энэ зүйлд хамаардаг. Удахгүй Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байна, эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихээр бүртгэгдэж, саатуулагдсан жолооч нарын 70 орчим хувь нь "айраг уусан" гэдэг тайлбар тавьдаг.  Гэтэл айрганд агуулагдах спиртийн агууламж 0.5-2.5% байдагийг судлаачид аль хэдийн тогтоосон байна. Жолооч та согтууруулах ундаанаас холуур шинэлээрэй.