БЭЭЖИН. /GlobalTimes/. ОУВС-гийн яаралтай тусламж нь эдийн засгийн хямралаас гарахад нь Монголд тус дэм болно гэж хүмүүс хэт өөдрөгөөр бодож байх шиг байна. 
 
Ажиглагчдын үзэж байгаагаар, гадаад хүчин зүйлс болон эдийн засгийн тэнцвэргүй бүтцийн улмаас Монгол Улс хямралд ороод байна. Хямралаас гарахын тулд тус улс одоо дотооддоо шинэчлэл хийх ажлыг хурдасгах хэрэгтэй. Хөршдөө эдийн засгийн шинэчлэл хийхэд нь БНХАУ дахин тусламжийн гараа сунгаж магадгүй байгаа боловч Монголын тал тусламжийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
 
ОУВС-гийн тусламж болон БНХАУ-ын Ардын банк валют солилцооны шугамаа 15 тэрбум юаниар сунгасан явдал нь “Монгол Улс ирэх гуравдугаар сард төлөх бондын эргэн төлөлтийг хугацаанд нь хийж чадахгүй, өрийн хямралд орж болзошгүй” гэсэн түгшүүрийг намжаалаа. ОУВС-гийн тусламж нь өрөнд баригдсан тус улсын хувьд амьсгаа авахын тулд цаг хожих боломж юм. Харин тус улсыг эдийн засгийн хямралд оруулсан үндсэн асуудлуудыг олон улсаас тусламж авснаар шийдвэрлэх боломжгүй.
 
ОУВС-гийн тусламжийн мөнгийг хүлээж авсныхаа дараа Монгол Улс төсвийн алдагдлыг бууруулж, санхүүгийн багц шинэчлэлийг хийх аж. Гэхдээ энэ хүчин чармайлт нь өрийн тогтвортой байдлыг сэргээхэд хангалтгүй гэж ажиглагчид үзэж байна. Ашигт малтмалын экспортоос хэтэрхий хамааралтай байдгийн улмаас Монгол Улс ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий болж, эдийн засаг нь хямралд ороод байгаа юм. Тиймээс Монгол Улс аж үйлдвэрийн бүтцээ оновчтой болгоход чиглэсэн шинэчлэлүүдийг хийж, эдийн засгийн үр өгөөжөө сайжруулах хэрэгтэй байна.
 
Ашигт малтмалын баялаг ихтэй Өвөр Монголын ӨЗО зэрэг газарт хэрэгжүүлсэн эдийн засгийг хэрхэн солонгоруулж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх талаарх туршлагаасаа БНХАУ хуваалцах хүсэлтэй байна.
 
Монгол Улс БНХАУ-ын зөвлөгөөг дагана гэдэгт найдаж байна. Туршлага судлуулахын тулд Монголын холбогдох хүмүүсийг Хятад улсад айлчлахыг урих механизмыг ч Бээжин бий болгож магадгүй.
 
БНХАУ-ын эдийн засгийн хөгжилтэй өөрийн эдийн засгаа илүү уялдаа холбоотой болгосноор Монгол ашиг хүртэнэ.
ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог Монгол Улс нь улс төр, эдийн засгийн хувьд бусдаас хараат бус байхыг эрмэлзсээр ирсэн. Зарим нэг шалтгааны улмаас Хятадад хэтэрхий ойртоод хэрэггүй гэж монголчууд боддог нь ойлгомжтой хэдий ч Хятад-Оросын харилцаа бүх талаараа өргөжиж байгаа нь Хятад-Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцлийг бий болгоод байгаа юм. Хямралд нэрвэгдсэн Монгол Улс энэ боломжийг шүүрэн авах хэрэгтэй.
 
Хятад улсын Монголд үзүүлэх тусламж санхүүгийн яаралтай тусламжаар хязгаарлагдахгүй байж магадгүй юм. Тухайлбал, Бээжин улс төрийн харилцан итгэлцэлд тулгуурласан эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжуудыг санал болгож магадгүй. Монгол Улс хоёр талын харилцааг бэхжүүлж, эдийн засгийн шинэчлэлүүдийг урагшлуулах хүсэлтэй байгаа гэдгээ чин сэтгэлээсээ харуулах хэрэгтэй гэж Хятад улсын “GlobalTimes” сонины тоймч У Вэйзя бичжээ. /2017.02.22/
 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг