АТГ-ынхныг “Эрх баригчдад үйлчилдэг” гэх хардлага сэрдлэгэ байнга дагадаг. Учир нь төрийн эрхийг атгасан улс төрийн хүчин нь нөгөөхөө намнадаг үзэгдэл бараг ёс юм шиг болсон нь үүний тайлал. Сонгуульд ялагдсан л бол гишүүд нь гутлаа үдээд, зангиагаа засаад АТГ-аас дуудагдах ээлжээ хүлээдэг, овсгоотой хэд нь зугтаадаг, оффшор данстангууд нь элдвээр балбуулдаг нь манай улс төрийн тогтсон “соёл” гэлтэй.

 

Гэхдээ Ардчилсан нам төрийн эрхэнд гарахдаа өрөөлийг биш өөрсдийгөө онилчихсон. Нэлээд хэд хэдэн хүнээ “аавынд оруулж”, авдрыг нь юүлсэн. Хэрүүл нь төрийн толгойд хүртэл өндрөө авч, хэлмэгдэгчдийн тоог хүртэл нэмээд авсан. Үүнийг хэвлэлийнхэн “АН-ынхан авлигачдаасаа салж байна” гэх гоё үгээр хачирласан ч үнэн хэрэгтээ энэ нь ар худрагаар найруулсан жүжиг байсан билээ. Өдгөө ч энэ жүжиг тайзнаас буугаагүй байна. Харин ч жүжгийн өөр нэгэн өрнөл хэсэг анхаарлын төвд орж, АТГ-ынхан “од” болж эхэллээ.

 

Тус газраас “Хөгжлийн банк”-ны томоохон зээлдэгчдийг шалгаж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг баривчилжээ. Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа бол Б.Гарамгайбаатарыг "Монроуд" компанитай холбоотой хэргээр саатуулжээ. "Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.

 

Улсын хөрөнгөөр тоглож, хувьдаа завшсан бол шалгаж, шийтгэх нь зөв. Төрийн дээр түшээд суух учиргүй. Тэр дундаа эрх мэдлээ хэтрүүлж, эд хөрөнгийг нь үрэгдүүлсэн бол зохих хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр л замаас ял “асуух” гэж байгаа бол өнөөгийн улс төрд тэр дундаа УИХ-д замыг ёстой утгаар нь там болгож үлгэрлэсэн хүн байгаа гэдгийг сануулъя.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гэхээр л шууд Лүнгийн зам санаанд ордог нь түүний үйлдсэн “гавьяа”.  Лүнгийнхэн түүнийг  Зам-Очир гэдэг бол жолооч нар Там-Очир хэмээдэг. Бас болоогүй улстөрийн хүрээнд түүнийг Молиго-Очир, Хулхи-Очир гэхчлэн тун таагүй нэр хоч өгчихдөг тал бий. Учир нь түүний “Очир төв” компани нь Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь явган нь бүдэрч үхмээр, машинтай нь онхолдож унамаар зам болсон билээ. Авсан ажилдаа хоноцын сэтгэлээр хандсан нь эрхэм гишүүнийг ийнхүү олон гуншинтай болгоход хүргэсэн нь лавтай.

 

Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж тухайн замаар зорчсон иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд асар их хэмжээний хохирол учруулсан түүнтэй өнөөг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Түүгээр ч барахгүй "Даварсаар даварсаар давгын орон дээр" гэдэг шиг зам барих өртгийг хэд дахин нэмсээр татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон нэгэн.

 

Гишүүн Д.Дамба-Очир эргэн төлөгдөх нөхцлөөр буюу зээлээр зам барьж байгаа гэдэг шалтгаанаар удаа дараа мөнгө авч байсан. Төр түүний толгойг илж хугацаанд нь ашиглалтад оруулж амжаагүй замыг нь хурдлуулахын тулд Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас олгохоор шийдвэрлэж байсан удаатай. Түүгээр ч барахгүй Засгийн газар Д.Дамба-Очирыг ахин эрхлүүлж, дахин 22 тэрбум төгрөгийг барьж дуусдаггүй замд нь зарцуулахаар өгсөн гээд тоочоод өчнөөн тоо бий.

Үргэлжлэлийг эндээс