Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр “Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн эрх тэгш байдал” өдөрлөгийг Наран молл их дэлгүүрийн Эвент халл танхимд зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр Монгол улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтууд, жендэрийн тэгш байдал сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Гуравдугаар сарын 8-ны өдөр бол эмэгтэйчүүдийн үндэс, угсаа, гарал үүсэл, хэл соёл, эдийн засаг, улс төрийн аливаа зааг хязгаарыг үл харгалзан тэдний эрх, эрх чөлөө, ололт амжилтыг хүлээн зөвшөөрсөн өдөр юм.

Дэлхийн улс орнууд энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй аливаа асуудлаар уулзалт, жагсаал зохион байгуулах, төр засаг, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх, эвлэлдэн нэгдэх, эрхээ шаардах, ололт амжилтаа эргэн харж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, эмэгтэйчүүдийн эрхийн аливаа зөрчлийг таслан зогсоох, охид бүсгүйчүүдэд эрхийг нь таниулах сургалт явуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.