БНСУ-д харласан иргэдийн тоогоор Монгол Улс тэргүүлж байна
БНСУ-ын Элчин сайдын яамнаас энэ сарын 1-нээс эхлэн виз олгох журамд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 
 
Уг өөрчлөлтөөр  визгүй зорчих нөхцөлийг хангаж, визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгохоор болсон билээ. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болж байгаа юм.
 
Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ.Ингэхдээ сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстойг ЭСЯ-наас анхаарууллаа. Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй гэдгийг албаныхан хэлж байна..
 
Хилээр нэвтэрсэн тоог тооцоолохдоо гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй биеийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй юм байна.
 
БНСУ-ын Засгийн газраас визний журамдаа оруулсан бас нэг өөрчлөлт бол гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэхээр болж буй юм.Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ. Түүнчлэн өмнө нь Европын найман улс байсныг Европын 30 улс болгон нэмж байгаа  гэдгийг мэдээллээ.
 
Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр албаныхан БНСУ-д Монгол иргэд  сүүлийн жилүүдэд харлаж үлдэх нь эрс нэмэгдсэн гэдгийг  мэдээллээ. Тодруулбал  2014 онд жилд 130 орчим хүн харлаж байсан бол энэ тоо 2015 онд эрс нэмэгдэж 1500 болсон байна. Харин  өнгөрсөн онд буюу 2016 онд 2000 хүн болж нэмэгдсэн нь хоёр жилийн өмнөхөөс даруй 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Ингэж харлах иргэдийн тоо нэмэгдсэнд виз олголтыг хөнгөвчилсөн нь ихээхэн нөлөөлсөн гэлээ. Ийнхүү тус улсад харлаж байгаа иргэдийн тоогоороо Монгол улс тэргүүн байрт бичигдэж байгаа аж. Иймд  тус улсад харлаж буй иргэдийн тоог бууруулахаар 2017.3.31-2017.5.1-ний хооронд өршөөл үзүүлэхээр болсон байна. Ингэхдээ зөвхөн Чежүгийн онгоцны буудлаар гарч явах иргэдэд хамаарах аж. Харласан иргэд гурван жилийн дотор харласан бол  тус улсад эргэн орох эрхийг хаахгүй юм байна. Харин гурваас дээш жилээр харласан тохиолдолд нэг жилийн хугацаатай хилээр орох эрхийг нь хаахаар шийдвэрлэжээ.