2016 оны 05-р сард “Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар  нар нь БНХАУ-ын иргэн Ж-г далайлган сүрдүүлж 30 000 000 /30 сая/төгрөг авсан хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм. Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжсэн байна. Улмаар хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн байна. Шүүгдэгч Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар  нарт гурван жил нэг сарын хорих ял оноож, тус ялыг тэнсэн харгалзлаа.