Маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэг­лэн өнгөрүүлэх бөгөөд 16:00 цагт улс орон даяар гамш­гийн дуут дохио дуу­гарч, зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохион бай­гуул­на. Жил бүрийн л энэ үед гамшгийн дохио дуугардаг хэдий ч, зарим иргэд юу болж байгааг төдийлөн ойлгохгүй өнгөрөөх нь бий.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ойрын хугацаанд Улаан­баатар хотод  хүчтэй газар хөдлөлт болох магад­лал өндөр байгааг анхаа­руул­сан. Тэрбээр үүнээс нэг жи­лийн өмнө ч гэсэн ийм мэдэг­дэл хийж байв. Хэвлэл мэдээл­лийн салбарынхан ч тус бүртээ анхааруулга, сэрэмж­лүүлэг, зөвлөгөөг иргэд хүргэж ажилласан билээ.

Гэвч “Сүх далайтал үхэр амар” гэгчээр хэзээ л бол хэзээ нүүр тулж мэдэх газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг мөрддөг жирийн иргэн бий болов уу. Төрийн байгууллагын ажилтнууд нь оногдсон үүрэг даалгаврын дагуу гамшгийн дохио дуугармагц ширээн доогуураа хэсэг хугацаанд нуугддаг байж болох. Харин үүний дараа бид юу хийх ёстой вэ. Хүчтэй газар хөдлөх үед мэдээлэл солилцож чадахгүй болох, тог, ус тасрах, жорлонгийн ус ашиглах боломжгүй болох, нийтийн тээвэр зогсч, хүнсний гачигдал гэх зэрэг эрсдэлүүд тулгарна. Автобусаар зорчиж явахад, лифтэнд байхад, банкинд дугаарлаж байхад, эсвэл зүгээр л ажлаа хийж явахад тань газар чичирхийлбэл яах вэ. Энэ талын мэдлэг мэдээлэлтэй хүн байгаа эсэх нь  тун эргэлзээтэй.

Хэзээ мөдгүй газар хөдлөх хэмжээнд хүрчихсэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа нийслэлийн иргэд ядахдаа гамшиг тохиолдсон үед хаана байрлах вэ, хоол хүнс, тог цахилгаангүй, нийтийн унаа ч үгүй болбол хамгийн түрүүнд хэнд хандах юм бэ. Жил бүр л гамшгийн дохио дуугаргана, харин иргэд, албаны хүмүүс нь зөвхөн сургуулилтад л бэлтгэнэ. Хэрэв үнэхээр гамшигаас урьдчилан сэргийлэх дадал, мэдлэг мэдээллийг иргэддээ олгох гэж байгаа юм бол чичирхийлэл мэдрэгдсэний дараа яах ёстой, байшин барилга нь нурвал хаана хоргодох зэргийг нарийн зааварлах ёстой биш үү. 

Нэг жишээ дурьдая. Газар хөдлөлтийн идэвхтэй бүс Японд хоргодох байрыг ногоон бөөрөнхий рүү гүйж буй хүний дүрсээр тэмдэглэн оршин суугчдад зааварладаг. Хоргодох байрных нь тоо гэхэд улсын хэмжээнд нийтдээ 48 мянга гаруй байх бөгөөд үүний 944 нь засаг захиргааны байгууллага байдаг аж. Үүнээс халамж үйлчилгээ үзүүлэх байр 7647 байх бөгөөд үүний 791 нь төрийн байгууллага байдаг байх юм.

Гэтэл нийслэлчүүд газар хөдөлбөл хаана очих, хандах талаар огт мэдээлэлгүй байна. Зарим хэвлэл нийслэлд хоргодох байр бий эсэх талаар  албаны хүнээс тодруулахад, “төрийн нууцад хамааралтай хариулах боломжгүй” хэмээсэн байх юм. Хоргодох байр хаана байрлах, аль аль сургууль, цэцэрлэгт хүрээлэнг хоргодох байрны зориулалтаар ашиглахыг нийтэд мэдээлээгүй байж, газар хөдлөлтийн гамшиг нүүрлэнэ гэж анхааруулж суугаа хүмүүс товчхондоо амь амиа бодоорой гэсэн мессэжийг л өгч байх аж. Тийм байтал хоол хүнсний нөөцийн асуудлыг ярих ч боломжгүй. 

Үргэлжлэлийг эндээс