“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр өчигдөр төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар прокурорын байгууллагаас Ерөнхийлөгчийн зөвшөөрлийн дагуу хуулийн хүрээнд мэдээлсэн.

Мэдээллээс үзэхэд яллагч тал буюу прокурорын байгууллага нь өөрийгөө өмгөөлсөн хэсэгчилсэн бичлэг үзүүлсэн.  Харин яллагдагч талын буюу Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын байр суурийг огт гаргаагүй. Ингэснээр прокурорын байгууллага  шүүхэд нөлөөлөхийг завдсан үйлдэл гаргалаа. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ял авсан ч Улсын дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Ийм байхад хэргийн талаар олон нийтэд мэдээлж байгаа нь шүүхэд нөлөөлөхийг завдсан тохиолдол юм.

Нөгөө талаас  прокурорын байгууллагаас  зөвхөн яллагдагчдын  тухай гаргасан. Хэрвээ гаргаж байгаа бол  захиалагчийг нь ч гэсэн  хуулийн хүрээнд мэдээлэх учиртай. Хэдийгээр энэ хэргийн захиалагч, зохион байгуулагч, зуучлагч, хэргийг нуун дарагдуулагч гэх мэтийн нөхдүүдийн хэргийг тусгаарлан шалгаж байгаа ч  прокурорын байгууллага хуулийн хүрээнд мэдээлэх эрх нь бий.  С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд захиалагчийнхаа нэрийг хэлсэн. Гэвч тэр хэсгийг бичлэгээс хассан.

Тэгвэл прокурорын байгууллагаас яагаад энэ хэргийн захиалагч байж магадгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа эрхмийн нэрийг зарлахгүй байна вэ? Хуулийн гаргалгаандаа бол энэ хэргийг захиалагч нь амьд сэрүүн байгаа.  Тухайн хүн нэг бол төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн эсвэл бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн,  хүнд өвчтэй эсвэл гадаадад байгаа эрэн сурвалжлагдаж байх учиртай. Учир нь энэ хэргийн захиалагч нь нас барсан бол хэргийг тусгаарлах шаардлагагүй бөгөөд захиалагчийн  хэргийг шууд хаах байсан.  Хэрвээ төрийн хамгаалалтад байдаг, бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн бол энэ хэргийн  мөрдөн байцаалт удаашрах болно.  Хүнд өвчтэй,  гадаадад байгаа бол  захиалагч харьцангуй хурдан илрэх биз...

Гэмт хэргийн тухай бичлэгийг олон нийтэд гаргаснаар Ерөнхийлөгч өөрийнхөө нэр төрийг хамгаалах, цэвэрлэх ажиллагаа хийсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийг энэ хэргийн захиалагч гэж цөөнгүй хүн харддаг, ярьдаг. Харин би бишээ гэдгийг тэрбээр энэхүү бичлэгийг гаргаж өөрийнхөө нэрийг цэвэрлэх гэж оролдов. Нөгөө талаас  Ц.Амгаланбаатарын хэлж байгаад 100 хувь итгэх аргагүй.  Энэ 00 ийм байгаагүй гээд ярьж байсан. Мэдээж хэрэг хуучны орон сууцанд амьдарч байгаа ихэнх айл 00-ын өрөөндөө засвар хийсэн....

Энэ мэтчилэнгээр энэ хэргийн  талаар эргэлзээтэй зүйлс олон байгаа. Ерөнхийлөгчөө та шударга л байя  гэж хэлэх дуртай.  Энэ удаад таны хэлдэг үгийг танд хэлье. Ерөнхийлөгчөө шударга байж энэ хэргийн захиалагч байж болзошгүй хүмүүсийн нэрийг  зарлачих л даа...