Монгол циркчин охин АНУ-д амиа алдсан хэрэг гарлаа. "Циркиус Монголиа” хувь компанийн циркчин тэрбээр   бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байна. Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар хэвлэлд ямар нэгэн тайлбар хийх боломжгүйгээ тайлбарлаж байна.

 Гэхдээ АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаач Б.Э-гийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулж ажиллаж буй гэдгээ мэдэгдлээ.

 Ч.Хатанбаатар гэх захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон байсныг эх сурвалжууд мэдээллээ. Одоогоор хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна. Талийгаач Б.Э нь бусдын халдлагад өртөж нас барсан эсэхийг хамтлагийнх нь зүгээс болоод ар гэрийнхэн нь нууцалж буй юм.