​МУИС-ийн  шинэ  захирал, док­тор А.Галтбаяр өөр рүү нь чиглэсэн эсэргүүцлийг намжааж чадсан бололтой. “МУИС-ын оюутнууд шинэчлэлийг дэмжиж байна” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад эхэлснээс үүнийг харж болно.

Өчнөөн олон жил МУИС-д мөрдөгдсөн тогтолцоог нэг л өдөр өөрчилж, “өвгөн” багш нарын эсэргүүцлийг сөрж чадсан гэхээр А.Галтбаяр зорьсондоо заавал хүрдэг нэгэн бололтой. Түүний хувьд 1991 онд ОХУ-ын МосУИС-ийн механик-математикийн  факульт­етийг төгсөөд МУИС-д багшаар орсон юм билээ. Хамгийн сонирхолтой нь “МУИС-ыг шинэчлэх хэрэгтэй” гэдэг байр суурийг захирал болоод гэнэт гаргаж тавиагүй. Аль зургаа, долоон жилийн өмнө жирийн багш байхдаа л энэ талаар боддог байжээ. Тухайн үед “МУИС-д ажиллах хугацаандаа олигтой цалин авч байгаагүй. МУИС-аас байр, машин, хүүхдийн сургалтын төлбөр авч байгаагүй. Өөр газар давхар ажил хийдэггүй, хувийн бизнес эрхэлдэггүй, цаашид ч тэгэх сонирхолгүй.  Тэтгэвэрт гарахад 20 жил байна. Гэтэл МУИС маань улам дампуурч байна. МУИС-ийн удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна. Урагшгүй ажилтай байгууллагад дахиж 20 жил ажилламааргүй байна” гэж ярьдаг байжээ.  Мэдээж тэр үед түүний үгийг сонсдог нь байвч, хэрэгжүүлдэг нь олдоогүй байж таарна. Тиймээс А.Галтбаяр захирал ажлаа хүлээж аваад нэг их удаагүй байхдаа МУИС-ийг шинэчлэх ажлыг эхлүүлж, одоо мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам дөхчихсөн явж байгаа нь энэ. Ямартай ч тэр сургуулийнхаа олон багш нарын эсэргүүцлийг давж шинэчлэлийн ажлыг эхлүүлж чадсан “шазруун” захирал гэдгээ харуулав. Олон жил бодож явсан зүйлээ хэрэгжүүлж чадсан түүнийг үүнээс өөрөөр тодорхойлох аргагүй бололтой.

 

Т.Урангэрэл