Амьсгалын фитнес амьдралыг уртасгана Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах сайхан үед бид амьдарч байгаа азтай хүмүүс. Дээхэн үед юун фитнес манатай дасгал хөдөлгөөний талаар ч мэддэг хүн цөөхөн байсан. Тэгвэл өнөө үед олон улсад фитнесийн спорт улам нарийсаж амьсгалын хүртэл фитнес байдаг болсон талаар дуулаад миний бие ихэд гайхаж билээ.

Тэгвэл энэ фитнесийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн Голден жим фитнес клубын аэробикийн багш, хоолны зөвлөх Ө. Гүндэгмаатай хэдхэн хором ярилцсанаа уншигч танаа толилуулаж байна.

 Танд энэ өдрийн мэнд хүргэе.

 – Баярлалаа. Танд болон нийт уншигчиддаа бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

Олон түмний эрүүл мэндийн төлөө буянтай сайхан үйлийг хийж, үргэлж шинийг эрж хайж байдаг Ө. Гүндэгмаа багшаар сонин ихтэй байгаа сурагтай. Хамгийн сүүлийн үеийн сонин болох амьсгалын фитнесийнхээ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү. Их сонин байна л даа ?

 – Тиймээ. Сүүлийн үед дэлхийн улс орнууд хүний эрүүл мэндийн төлөө ихийг эрж хайдаг болсоны нэг жишээ нь энэ амьсгалын фитнес буюу Нирвана фитнесийг хэлж болох юм. Миний хувьд анх энэ фитнесийн талаар гадны найзаасаа олж мэдээд сонирхож судлаад үзсэн чинь манай монголчуудад их хэрэгтэй дасгал санагдсан. Тэгээд энэ фитнесийг мэддэг хүмүүстэй нь холбогдож албан ёсоор сургалтанд нь суралцах урилга хүлээж аваад энэ оны 1 сарын 6 наас 12 – нд Энэтхэгийн Бумбай хотноо болсон олон улсын сургалтанд манай клубын багш Долгорсүрэн бид хоёр хамрагдаад Нирвана фитнесийг албан ёсоор заах эрхээ аваад ирсэн юм.

Нирвана фитнес гэдэг нь юу гэсэн үг юм болоо?

 - Нирвана фитнес бол ердөө энгийн амьсгалын дасгал гэсэн үг. Нирвана фитнесийн амьсгалын техникийг хөдөлгөөнтэй хослуулж хийснээр бие махбоди хүчилтөрөгчөөр маш сайн хангагдаж хоргүйжин ухаан санаа тайвширна. Уянгалаг зөөлөн ая нь Тета долгионтой хослон хүнийг стресс, сэтгэл түгшилт, сэтгэл гутралтаас сэргийлж ухаан санааг сэргээнэ.Амьсгал бол бидний өөрийнхөө бие махбодио болон ухаан санаагаа хянаж чадах хамгийн амархан энгийн арга юм билээ.

Тэгээд амьсгалаараа өөрийгөө удирдана гэж ойлгож болох уу?

 - Нирвана фитнес нь хүнд амьсгал ямар их чухал болох, хүний бие махбоди , эрүүл мэндэд амьсгал хэрхэн эерэгээр нөлөөлдөг болохыг мэдрүүлэхийг зорьсон дасгалуудын нэгдэл юм. Тийм болохоор би түрүүн хэлсэн амьсгал бол хүний бие махбоди , ухаан санаагаа хянах хамгийн энгийн арга. Тиймээс ч эрт дээр үеэс амьсгалын иога, чи-гонг, тай-чи гэх зэрэг дасгалуудыг хүмүүс хийж ирсэн түүхтэй. Хүн 40 өдөр хоолгүй, 4 өдөр усгүй байж чадна харин хүчилтөрөгчгүй 4-хөн минут ч байж чадахгүй шүү дээ. Тиймээс амьсгалах бол бидний хамгийн амин чухал зүйл юм.

Энэ фитнесээр хичээллэхэд хүний биед ямар өөрчлөлт мэдрэгдэх вэ?

 - Анагаах ухааны салбар сүүлийн үеийн судалгаагаараа хүн амын 80% нь буруу амьсгалдаг болохыг тогтоожээ. Буруу амьсгал гэдэг маань гүехэн зөвхөн цээжээрээ хурдан амьсгалахыг хэлдэг юм байна. Хүн стресстэй үедээ 1 минутанд 12-18 удаа амьсгалдаг байна. Хэрэв ийм хэмнэлээр байнга амьсгалаад байвал бие махбоди маань амархан хордож амархан сэтгэл санааны гутралд орох аюултай байдаг. Харин хүн тайван байх үедээ 1 минутанд ердөө 6 хан удаа амьсгалдаг байна.

Тэгээд амьсгалаар өөрийгөө удирдсан дасгалууд хийнэ гэсэн үг үү?

 – Хөгжмийн зөөлөн хэмнэлд дасгалаа хийхдээ амьсгалаа багшийн зааврын дагуу авч гаргаж гүйцэтгэнэ. Хүний тархи альфа, бета, тета, дельта дөрвөн долгионд хэлбэлздэг. Үүнээс хүнийг хамгийн стрессгүй орчинд оруулан тайвшруулж өгдөг нь тета долгион. Нирвана дасгалын аянууд тета долгионыг байнга хэрэглэдэг. Тиймээс нирвана фитнесээр хичээллэснээр стресснээс сэргийлнэ , амьсгалын техникийг сурна, хэвлийн булчинг чангална, биеийг галбиржуулна.сунгалт сайжирна. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд Нирвана фитнес бол амар амгалан, тайвшралыг мэдрүүлнэ.

 Энэ фитнесээр хичээллэхэд насны ангилал бий юу? Хоолны дэглэм барих уу?

– Ямар ч насны хүмүүс хичээллэж болно. Үр дүн нь эхний хичээлийн дараа мэдрэгдэж бие хөнгөрч , сэтгэл санаа өөдрөг болсон байна. Хоолны хувьд айхтар дэглэм барихгүй. Гэхдээ мэдээж урин дулаан болж байна. Хөнгөн хооллох нь зүйтэй. Стресс бухимдалгүй тайван байснаар таны ажлын бүтээмж дээшилж эрүүл мэнд сайжирдаг ийм л сайхан энгийн дасгал.

Нирвана фитнесийг сонирхон хичээллэхийг хүссэн хүмүүс хаана хандах вэ?

– Манай Голден жим фитнес клубын төв салбар болох Тусгаар Тогтнолын Ордоны 4 давхарт болон 4 –р салбар болох Нарны нам дагуу байрлах салбарт ирж бүртгүүлээд долоо хоногийн 1,3,5 дахь өдрийн өглөө, орой хичээллэх боломжтой юм.

Хэрвээ та энэ фитнесээр хичээллэхийг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг 88110217 утсанд холбогдон аваарай. Мөн манай вебсайт, фейсбүүкинд хандаж болно.

Энэ Бямба гараг буюу 3 сарын 25 нд зарласан Голден жим фитнес клубын нээлттэй өдөрлөгөөр энэ хичээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх болно.

 Сонирхолтой мэдээлэл өгсөн Гүндэгмаа багшдаа баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе.

 – Баярлалаа. Танд ч бас эрч хүчтэй байж илүү амжилттай байхыг хүсэн ерөөе. Эцэст нь хэлэхэд бүгдээрээ зөв амьсгалж сурцгаая. Ингэснээр илүү эрүүл энх урт насалж ихийг бүтээх болно шүү.