С.Зориг агсны амийг  хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууц гэх мэдээллээс заримыг нь ил гаргах  зөвшөөрлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос авсан   Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц гэж хүн 7 жилийн өмнө Лондонд баривчлагдаж байсан билээ.

 Тухайн үед  Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны даргын хувиар  ИБУИНВУ-д албан айлчлал хийж  явсан гэгддэг Б.Хурц даргыг Хитроу онгоцны буудал дээрээс баривчилсан шалтгаан нь  2003 онд Д.Энхбат   гэж хүнийг   Европын холбооны  улсуудын хууль журмыг зөрчин  хулгайлж  авчирсан  асуудалтай холбоотой байсан юм.

 Британийн шоронд 2010 оны есдүгээр сарын 17-ноос  2011 оны  наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хоригдсон  тэрбээр Берлиний шоронгоос мөн оныхоо есдүгээр сарын  22-ны өдөр суллагдаж Монголд ирж байсан билээ. 2003 онд Д.Энхбат агсныг баривчилж авчрахдаа Европын орнуудын хууль журмыг зөрчин хулгайлж авчирсан гэх үндэслэлээр буруутгагдан, Европын холбооны баривчлах ордерын дагуу Английн нутаг дэвсгэр дээрээс баригдсан тэрбээр  Берлиний хууль хяналтынхнаас “Та чөлөөтэй” гэдэг үгийг дуулаад   Монголдоо ирж байв. Эрүү үүсгээд байсан Германы тал чухам ямар үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Болор хэлэх боломжгүй  хэмээн тухайн үед хэлж байсан юм.

За харин НҮБ-ын Тусгай илтгэгч Манфрэд Новак   тайландаа  нэлээд анхаарал татсан зүйлийг өгүүлсэн байдаг.  Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбат гэж хүнийг  2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Парис дахь  нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулган, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан   Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн гэдэг.    ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч явсан.  Тэгэхдээ Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьсон. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг буруутган,  ял тулган эрүүдсэн ч  Д.Энхбат  хэрэг хүлээгээгүй бөгөөд  түүнийг    ТЕГ-ын мэдээлэгч  гэж бүртгэн тавдугаар сарын 25-нд хилээр нэвтрэн орсон  болгож, хуурамч баримт бүрдүүлсэн.  Түүнийг  олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбаж, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байсан хэмээн бичсэн байдаг.

үргэлжлэлийг эндээс