Оюутан залуугийн дээрээс тулгуур төмөр унаж амь насаа алдсан хэрэг тэртээх 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болж байв. "Түргэн удаж ирсэн”, "ажилчин хятадууд нь дотроо гүйлдээд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан”... гээд тэр үеийн мэдээ мэдээллийг ухвал их зүйл гарч ирнэ л дээ. Гэхдээ "тэртээх” гэж онцолсон нь өнөөдөр энд ямар ч хүний амь нас эрсдээгүй мэт барилгын ажил үргэлжилж байгаатай л холбоотой юм. 

Хүний амь эрсэдсний дараах дөрвөн жил энэ барилгад огт ажил хийгдээгүй. Арга ч үгүй биз. Нэгдүгээрт, эрдэнэт хүний амь настай холбоотой осол гаргасан, хоёрдугаарт, "усан оргилуур барина” гэж зөвшөөрөл авчихаад оффисын өндөр барилга барьчихсан, гуравдугаарт, зөвшөөрөл олгосон газраасаа дур мэдэн хальж, олны хөлийн газар, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьсан гээд олон асуудал ундарсан нь ойлгомжтой.

 

Яахав нөгөө барилгаа барьчихаад дараа нь зөвшөөрөл авдаг "хуульд захирагддаггүй том толгойтуудын дүрэм”-ээр ажиллаж байгаад нэг өдөр ирээдүйгээ төлөвлөж, ихийг мөрөөдөж явсан залууг хөнөөж, балаг нь илэрсэн хэрэг л дээ. "Энд усан оргилуур баригдаж байна” гэсэн том самбар олон жил Тэнгис кино театрыг халхалж, нэг л өдөр "оройг нь харах гэж малгай унам” өндөр барилга сүндэрлүүлчихсэн байсан. Ингэхдээ бүхий л үйл ажиллагаа хууль бусаар явагдаж, шөнө оройн цагаар хятад ажилчдыг шамдуулсаар байгаад тэр өдөртэй золгочихсон юм. 

Гэвч хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Усан оргилуур л барина гэж зөвшөөрөл авсан болохоор түүнийг нь л шаардах нь зүйтэй. Том толгойлж, дур мэдэн, хууль зөрчиж ийм нөсөр барилга барьсан бол нураах үүргээ өөрсдөө л биелүүлэх ёстой. Тиймээс л өнгөрсөн хугацаанд "яаж нураах вэ” гэж шаналж суугаа болов уу гэж таамаглаж байлаа.

 

 Гэтэл тийм биш байж. Зүгээр л засаг төр солигдохыг хүлээгээд л сууж байсан нь ил боллоо. Өөрөөр хэлбэл МАН олонх болж Засгийн эрх авмагц хууль зөрчиж, хүний амиар наадсан өндөр барилгын ажил эрчимжиж, өндөр шөнөгүй яаравчлан ажиллах болсон байна. Худлаа гэвэл очоод харж болно. Яг одоо ч кранаар дээш доош юм зөөж, нүүрэн хэсгээ бүхэлд нь шилэн хаалтаар битүүлээд авчихсан байна. Зарим нэг ажилчид нь цонхоор шагайж, хүмүүсийн дээрээс нулимсан шигээ л зогсож байна. 

Тэгвэл энэ хууль үйлчилдэггүй барилга бол "Эко констракшн”-ийнх. Бүр тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хүн гэгдэх С.Нямдаваагийн барилга юм. Ийм л том хаалттай учраас хууль зөрчиж, хүний амь нас хохироосон ч бай хамаагүй барилга нь баригдаж дуусах ёстой аж.  

МАН-д хууль зөрч, эсвэл хууль зөрчсөн үйлдлүүдээ хаацайл гэж олонхийн дэмжлэг үзүүлээгүй л байлтай юм. Гэтэл С.Нямдаваа гэгч хуулиас дээгүүр харж, дур зоргоороо аашилж, усан оргилуун нэртэй нүсэр барилгаа барьсаар л байна. Магадгүй түүний ард УИХ-ын дарга гэх том хаалт байгаа болохоор ингэж дураараа аашилдаг биз. Ийм хүнд хаанахын ямар хууль үйлчлэхийг бурхан л мэдэх байх. Дахиад л хүний аминд хүрчихгүй баригдчихаасай билээ. Хуультай улсад төсвөөс цалинждаг шударга ёс сахиулагч, хууль хүчнийхэн ажиллаж л байгаа байлгүй. Тэднийг ажлаа хийж, хууль зөрчиж байгаа энэ үйлдлийг таслан зогсооно гэж найдаж байна. 

 

Амар

www.Undesten.mn