УИХ-ын 2016 оны сонгуулиар цор ганц бие даагч сонгогдсон нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин Самандын Жавхлан билээ. Дуучин,Монгол Улсын Гавьяат Жүжигчин Л.Болдбаатар, дуучин Ноён Бондгор тэргүүтэй хэсэг дуучин, жүжигчин залуус дагуулсан тэрээр морь унаж, УИХ-ын 54-р тойргийн сонгогчидтойгоо уулзсан явсаар өрсөлдөгчдөөсөө хол илүү буюу 10723 хүний санал авч, ялалт байгуулсан юм. Тэрээр УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд  ч мөн л морьтнуудын хамт хүрэлцэн ирсэн.Үүнээс хойш УИХ-ын намрын чуулган өндөрлөж, бүтэн улирал өнгөрлөө.
 
Гэвч С.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдааны явцад хаяа орж ирэн, гэрт амьдарч, дээл өмсөхийг уриалахаас өөрөөр үндсэн үүрэгт ажилдаа амжилт гаргаж чадаагүй л байна. Тэр бүү хэл байр сууринаасаа илт ухарсан үйлдэл ч хийх болов. Тодруулбал тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах саналаа УИХ-д өргөн барих эсэх нь ч эргэлзээтэй болжээ.  
Уг саналыг анхлан санаачилсан УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намын дарга Г.Уянгатай тэрээр огт холбоогүй болсон гэнэ. УИХ-ын гишүүн С.Жавхлан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ:  "Нэг ч хоног хүлээхгүйгээр Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах хэрэгтэй. Мөн УИХ Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй бол тараах хэрэгтэй. Монголоо гэс эн сэтгэлтэй хүмүүсийг Монголын өнцөг булан бүрээс тодруулж түмний түр хороог байгуулаад  шинэ Үндсэн хуулиа  батлах ёстой" хэмээж байсан юм. Мөн 2017 оны 1 сарын 11-нд Төрийн ордонд  Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга Г.Уянгатай хамтран мэдээлэл хийж,Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар хамтрахаар боллоо хэмээж байв.
Энэ үеэр ТТЭНН-ын дарга Г.Уянга : "Би С.Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг УИХ-д оруулах болсонд баярлаж байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгох гэж байгаад нь баяртай байна. Улстөрчийн хэлж байгаа үг бүр нь үйлдэл болох ёстой. Ийм хариуцлагатай үйлдлийг хийж байгаа Жавхлан гишүүндээ талархаж байна. Байнга дэмжиж, хамтран ажиллах болно." гэсэн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан: "Би хувьдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах энэ үндэслэлүүдийг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Их хуралд хандана.Өнөөдөр утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэхдээ үүнээс хортой, аюултай утаа бол Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч өөрөө утаа юм. Эхлээд энэ хар утаанаас салж байж л монголчууд бид жинхэнэ утаанаас сална. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг огцроосой гэж хүсч байна. Найман жилийн турш удирдахдаа нэг сар байтугай нэг өдрийн цалингаараа утаанд хордсон хүмүүст аяга сүү ч болтугай авч өгөх сэтгэл гаргаагүй. Ерөнхийлөгчийг огцруулъя гэж уриалъя" гэж байсан юм.
 
Гэтэл энэ байр сууриа өөрчилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах саналаа өнөөг хүртэл өргөн бариагүй нь хачирхалтай агаад тэрээр уг асуудлыг бүрмөсөн замхруулах уу? эсвэл оройтсон ч гэсэн УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих уу? гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз ээ.
 
Ч.Явуу
sonin.mn