Энэ сарын 17-ны өглөөний 4 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, Цайз захын урд зам дээр зам тээврийн ноцтой осол болж, улмаар шатахуун түгээх станц дэлбэрч болзошгүй байдалд хүргэжээ. 

48-34  УНН улсын дугаартай Аксент маркийн автомашин өөр нэг машинтай уралдан хурд хэтрүүлэн явж байхдаа жолоодлого алдан замын хашлага мөргөн осолдохдоо хэд хэдэн удаа эргэлдэн өнхөрсөөр ойролцоох шатахуун түгээх станцын газрын багана мөргөжээ. 

Энэ үед машинаас гал гарч шатаж эхэлсэн байна. Харин энэ үед шатахуун түгээх газарт ээлжийн ажлаа хийж байсан түгээгч хоёр эмэгтэй яаралтай арга хэмжээ авч, машины галыг унтрааснаас гадна бусад иргэдтэй хамтран осолдсон машины жолоочийг гарган яаралтай тусламж дуудан эмнэлэгт хүргүүлжээ. 

Хэрэв ослын үед авхаалж самбаа гарган гал унтраах ажиллагааг авч чадаагүй бол шатахуун түгээх станц дэлбэрэхээс гадна ойролцоох айл өрхүүд ч осолд өртөх аюултай байдал үүссэн байжээ. 

Иргэний үүргээ биелүүлэн эрдэнэт хүний амь насыг аварсан бүсгүйчүүдийг харьяа байгууллагын удирдлагууд хүлээн авч талархалаа илэрхийлсэн байна. Үүнээс харахад иргэд шөнийн цагаар автомашины хурдаа зөв тохируулан явахыг сэрэмжлүүлж байгаагаас гадна шатахуун түгээх станцад дэлбэрэлт болвол ямар аюулд хүрэх вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэйг энэхүү мэдээгээр сэрэмжлүүлж байна.