Нийслэлийн цэцэрлэггүй хороодын судалгаа Баянгол дүүрэгт 5, 12, 16, 17, 19, 21 ,22, 23 Баянзүрх дүүрэгт 4, 7, 14, 17, 21, 22, 24,26, 27, 28 Сонгинохайрхан дүүрэгт 4, 5, 22, 26, 28, 29, 32 Сүхбаатар дүүрэгт 2, 5, 22, 26, 28, 29, 32 Чингэлтэй дүүрэгт 5, 7, 8, 11,16, 17 Хан-уул дүүрэгт 8,15 Налайх дүүрэгт 2, 7-р хороод гээд нийт 42 хороо нэг ч цэцэрлэггүй байна. Эдгээр хороодыг цэцэрлэгтэй болгож, нийт хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд 240 хүүхдийн багтаамжтай 220 цэцэрлэг барих шаардлагатай. 

​Итгэж байна уу. Монголын ирээдүй болох 31 мянга 345-н хүүхэд энэ жил сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй, боловсролын системийн гадна гээгдсэн байна. Энэ бол Боловсролын яамыг толгойлж яваа Л.Гантөмөр сайдад хамгийн их хамааралтай тоо. Учир нь цэцэрлэг бол өдөр өнжүүлэх аль эсвэл хүүхэд саатуулах газар биш. Цэцэрлэг бол хүүхдийг сурган хүмүүжүүлэх, хүүхдэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх боловсролын байгууллага. Энэ утгаар нь бодоод үзвэл өнөөдөр манай улсын боловсролын байгууллага хүүхдээ хэрхэн багтааж, шингээх асуудлыг бус боловсролыг хэрхэн чанаржуулж, түгээх асуудлыг ярьж байх учиртай. Гэвч албаны байгууллагаас гаргасан дээрх хомсдлын тоо баримтууд нь боловсрол бус байр, савны хүрэлцээнд чиглэгдэж байхад чанартай боловсрол яриад нэмэр байж уу. Тиймээс “Иргэний оролцоотой төсөв-2014”-өөр илэрсэн буюу төсвөөс төрсөн тэс өөр асуудлын тухай яръя. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318 мянган өрх бүрээс нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгах ажлуудыг саналын хуудсаар авсан байна. Гэтэл үр дүн нь ирэх оны төсөв гэхээс илүүтэй, Боловсролын яам яажшуухан ажиллаж ирснийг илтгэх шиг боллоо. Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь ирэх оны төсөвт цэцэрлэг нэмж барих нэн шаардлагатай гэдгийг уламжилсан байх юм. Энэ бол баталгаа. Юуны гэхээр, Боловсролын сайд Л.Гантөмөрт хаягласан цэцэрлэгийн хүртээм байна, нэмж цэцэрлэг барих шаардлагатай гэж бичсэн удаа дараагийн нийтлэлүүдийн баталгаа юм. Хэдийгээр Л.Гантөмөр сайд Монгол Улсын боловсролын системийг оройлон манлайлж, олон жилийг ардаа орхиогүй ч угаас хүрэлцээгүй цэцэрлэгийн асуудлын талаар ганц үг ган хийж байсан удаагүй юм. Харин гаргасан ганцхан шийдвэр нь иргэдийг чирэгдүүлж, олон хүүхдийг гэрт нь цоожтой үлдээх хариуцлагагүй үйлдэл сайдын хүчин чармайлт асар их байсныг дуулгах нь зүйн хэрэг биз. Тодруулбал, түүний гаргасан “Иргэн аль дүүргийн хэддүгээр хороонд харьяалагдаж байгаагаас хамааран хүүхдээ тухайн оноосон цэцэрлэгт бүртгүүлнэ” гэх ганц өгүүлбэр нь дайн дээр дажин гэгчийг жинхэнэ утгаар нь үзүүлсэн байдаг. Түүний бодсоноор бол шийдвэр, бодол нь хөрсөн дээр бууж, хэрэгжиж эхлэх цагт хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд цэцэрлэгийн үүдэнд хонож дараалдаг хачин тогтолцоог алга болгоход чиглэгдсэн гэдэг. Гэвч цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрийг эргэн харвал, нийслэлийн бүх цэцэрлэгийн үүдэнд доод тал нь 2-3 хоног болсон байдаг. Үүнийг эргэн сануулахын өмнө нийслэлийн удирдлагаас гаргасан хэд, хэдэн тоо баримтыг дуулгая. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй төрийн болон хувийн 129 цэцэрлэгт 97-н мянга 10-н хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Харин цэцэрлэгт огт хамрагдаагүй буюу боловсрол хүртэж чадаагүй хүүхдийн тоо 31-н мянга 345-д хүрээд байна. Түүнчлэн хүчин чадал хэтэрснээс 21-н мянга 850, нийт 53 мянга 195 хүүхдэд цэцэрлэг шаардлагатай байгаа нь судалгаагаар батлагджээ. Харин боловсролын системээс гээгдсэн тэдгээр хүүхдүүдийн дийлэнх хувийг бүрдүүлэхэд Л.Гантөмөр дараалан хоносон эцэг, эхчүүдийн дунд “алаан” болж байсныг тодхон санаж болно. Яг л урьд, урьдын жилүүд шиг. Хүрэлцээгүй дээр нь хүүхдийг нь харьяа хороогоор нь ялгаварласан нь дээрх байдлыг үүсгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд 42 хороо ганц ч цэцэрлэггүй байна. Энэ нь нэг хороонд 700 гаруй хүүхэд цэцэрлэггүй, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж чадахгүй, үеийнхнээсээ хоцрогдож байгаа гэсэн үг. Үүнээс боловсролын яамны бодлого, зохицуулалт ямар түвшинд явааг бэлхнээ тольдож болохын зэрэгцээ, Л.Гантөмөр сайдын саваагүй шийдвэрийг ч дахин нэг харж болно. Б.Ширнэн