Баянгол дүүргийн иргэн Ч.Өлзийтмаа бидэнд хандаж, шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн юм. Тэрбээр эрүүгийн хэрэгт холбогдож, хоёр шатны шүүхээр шүүлгэсэн тухайгаа ингэж ярилаа.

 

-Та яагаад эрүүгийн хэрэгт холбогдсон юм бэ?

 

-Би зээ охинтой юм. Бусдын л адил охиноо зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг эх хүн. Тэр нэг өдөр бухимдсанаасаа болоод охиндоо гар хүрчихсэн юм.

 

-Зодсон гэж үү?

 

-Охинтойгоо маргалдаад хашраах санаатай галын дэгээ төмрөөр цохьчихсон юм. Зээ охиндоо ингэж хатуу хандсан миний түмэн буруу. Гэхдээ хашраая гэснээс зодож, гэмтээх зэрэг хар санаа агуулаагүй юм аа, эгч нь. Тэгтэл хажуу айлын хүн цагдаад дуудлага өгчихсөн юм билээ. Цагдаагийн алба хаагчид намайг баривчлаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

 

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг шалтгаанаар уу?

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

-Таныг танхайрсан, бүр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ялласан байна, тийм үү?

 

-Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр танхайрах гэмт хэргийг үйлдсэн хүнд ял оноодог юм байна. Хуулийн 181.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна лээ. Галын хайчийг минь зэвсэг гэж ялласан гэж ойлгосон.

 

-Зээ охин тань танд гомдолтой гэж мэдүүлсэн юм уу?

 

-Миний өсгөсөн охин шүү дээ. Бид хоёр амь нэгтэй. Эмээгээ ширүүлхлээ гэж хууль цагдаагаар явах хүмүүжилтэй хүн биш. Охин минь цагдаа дуудлагаар ирэхэд хүртэл “Би яагаа ч үгүй. Эмээг минь битгий шалгаач” гэж гуйж байсан. Хэрэг шийдэгдэж дуусах хүртэл гомдолгүй гэж мэдүүлсээр байсан.

 

-Галын дэгээ төмрөөр цохиулаад охин нь хүнд гэмтсэн юм уу?

 

-Цохиулсан газар нь хөхөрсөн төдий. Шинжээч эмч хөнгөн гэмтсэн гэдэг дүгнэлт гаргасан. Гэхдээ би уураа барьж дийлэхгүй охин руугаа дэгээ төмөр далайсандаа маш их харамсч байгаа. Хууль шүүхээр явсан учраас гэмшсэн юм биш. Төрүүлсэн үр шигээ өсгөсөн охиндоо гар хүрсэндээ өөрийгөө маш их буруутгасан. Охин хүүхдэд хэлж яриад ойлгуулахын оронд ширүүлхчихсэн юм шиг санагдаад, хэцүү байлаа.

 

-Прокуророос таныг ялласан зүйл ангиар бол 5-8 жил хорих заалттай. Шүүх яаж шийдсэн бэ?

 

-Би охиндоо гар хүрсэн өдөр нь 2016 оны 3 дугаар сарын 1. Түүнээс хойш цагдаа, прокурорын үүд сахьсан. Прокурор надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сард хэргийг хэлэлцсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

 

-Дахиад шалгагдсан гэсэн үг үү?

 

-Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг юм байна. Тэр эрхийнхээ дагуу намайг ялласан прокурор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Ингээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолын хүчингүй болгосон.

 

-Тэгэхээр анхан шатны шүүх хэргийг дахиж хэлэлцэхээр болсон гэсэн үг биз?

 

-Тиймээ. Анхан шатны шүүх 2017 оны гуравдугаар сард хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх миний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсэг хэрэглэн танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

 

-Таныг ялласан хуулийн зүйлчлэлийг өөрчилсөн юм уу?

 

-Анхан шатны шүүх намайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 99.1-д  “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм билээ. Бас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ. Энэ хуулийнхаа дагуу надад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

-5-8 жил хоригдох хуулийн заалтаар яллагдаж шүүхээр ороход юу бодогдож байсан бэ?

 

-Бүтэн жил цагдаа, прокурорын хаалга сахисан хүн ямар сайн зүйл бодох билээ. Маш их айж байсан. Надаас гадна гэрийнхэн минь маш их айж, зовсон. Зээ охин минь бүр их зовж, шаналсан байх. Эцсийн мөч хүртэл найдвар тасардаггүй гэж үнэн юм билээ. Шүүгдэгчийн ширээнд зогсч байхдаа шүүхэд найдаж байлаа. Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг минь шүүх тогтоох байх гэж найдсан хэрэг.  Шүүхэд найдаж, шүүгчийн чадварт итгэсэн.

 

-Тэгвэл танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол сонсоход ямар байв?

 

-Их айдастай байсан болоод ч тэр үү итгэж яддаг юм билээ. Хэдийгээр шүүгчид итгэж, найдаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай сонсоод өөрийн эрхгүй нулимс гарсан. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн, болохгүй нөхдүүд ордог гэсэн төсөөлөл надад байсан нь үнэн. Өөрөө шүүгдээд бодит байдлыг мэдэрлээ. Шүүх гэдэг үнэнийг тогтоодог дэнс юм байна. Шүүгчид аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгааж, хүний эрхийг хамгаалдаг мэргэд аж. 

 

Хүн алхах гишгэх бүртээ хянамгай байхгүй бол юунд ч хүрч болдогийг ойлголоо. Охиндоо уурлаж, хатуу хандсан минь нэг жил гаруй хуулийн байгууллагаар явж, гэр бүлээ зовоох үйлийн эхлэл болохыг мэдээгүй нь миний буруу.

 

-Та шүүгчдийг аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгаадаг мэргэд гэлээ. Таны хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас ингэж дүгнэсэн үү. Эсвэл хоёр удаа шүүгчийн өмнө зогсохдоо ингэж бодсон уу?

 

-Хүний үйлдлийг дэнсэлнэ гэдэг тун амаргүй ажил гэдгийг мэдэрч зогслоо. Та бид хоёр ярилцаж суухдаа “Тэрний буруу. Тэр нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа юм” эсвэл “Энэ нөхөр танхай учраас галын дэгээ төмрөө хүн рүү далайгаа биз” гэж дүгнэхэд амар байх. Харин шүүгч бодол санаа, үйлдэл, учир холбоос гээд бүх талаас нь тунгааж, шийдвэрээ гаргахдаа ямар их ухаан зарж байдгыг мэдэрлээ.

 

Над шиг олон хүн ийм хүнд зүйлтэй тулгарсан ч шүүхээс үнэн мөнийг нь тогтоож, зөв шударга шийдвэрлэж байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн шинэтгэл гэж яриад байдаг. Тэгвэл тэр шинэтгэл нь үнэхээр л үр дүнтэй, өргөн хүрээнд явагдаж байгааг жирийн иргэн миний бие мэдэрлээ.