МҮҮН-ны шашин манай улсад газар авч тэр ч байтугай боловсролын салбарт ч гүнзгий нэвтэрсэн талаарх дуулиан нэлээд олон жилийн өмнөөс сөхөгдсөн билээ. Тэгвэл энэхүү асуудал өнгөрсөн жилээс хурцдаж, шүүхийн хаалга татаад байсан юм.

 

 

Тодруулбал, Цэнхэр үст Э.Цэрэн нэрээр олонд танигдсан Э.Цэрэндолгор Мүүний шашиныг Монголд дэлгэрүүлсэн гол буруутнаар Боловсролын яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга асан Б.Насанбаярыг нэрлэж, дуулиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр уг шашны гаж урсгалын талаарх сурвалжлага хүртэл бэлтгэгдсэн нь ард түмнийг цочирдуулсан билээ. Тэгвэл энэ бүхнийг эсэргүүцсэн Б.Насанбаяр өдгөөгөөс нэг жилийн өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, нэр төрөө сэргээлгэх болсноо дуулгаж байсан юм. Тэгвэл түүний нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш хэд, хэдэн удаа товлогдсон ч нэхэмжлэгч Б.Насанбаяр шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ удаа дараа дуулгаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байжээ.

 

Энэ талаар тухайн үед Э.Цэрэндолгор өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нэхэмжлэгч Б.Насанбаярын нэхэмжлэлээр шүүх хурал боллоо. Нэхэмжлэгч Б.Насанбаяр хоолны хордлогод орсоны улмаас, мөн түүний өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж. Хариуцагч Цэрэндолгорын зүгээс татгалзах зүйлгүй гэснээр шүүгчид хурлыг энэ сарын 26-ыг хүртэл хойшлуулав. Монголд Мүүнийхэн тодолголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч болох Б. Насанбаяр өөрийн нэр төр хохирсон гэж нэхэмжилж байна. Энэ бол Монгол дахь гаж урсгалынхны нөлөөг нийтэд илчилсэн иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн шүүх ажиллагаа. Б.Насанбаяр ажил албаа алдан хохироогүй ба өөрөө өөрийгөө Мүүнтэй холбоогүй намайг гүтгэлээ, би хохирлоо хэмээн цацсаар өөрийгөө хүнд байдалд оруулсан хүн. Ахин 14 хоног хүлээх нь... Миний харсан хагас дутуу авсан баримт 860 хуудас боловч цаана нь өшөө олон баримт нэхэмжлэгч гаргаж” хэмээн шүүх хурал хойшилсныг олон нийтэд мэдээлж байв.

 

Б.Насанбаярын нэр төрөө сэргээлгэх гэсэн шүүх хурал энэ мэт хойшилсоор эцэст нь өчигдөр болсон шүүх хурлаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, түүний нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна. Учир нь энэ удаа ч мөн Б.Насанбаяр болон түүний өмгөөлөгч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй аж.

 

Харин энэ бүхнийг олон нийтийн зүгээс “Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэх бус өөрийгөө МҮҮН-тэй холбоотой гэдгээ баталлаа” хэмээн шүүмжилж байна. Мэдээж нэхэмжлэгч нь шүүх хурлаас удаа дараа “зугтсан" нь энэхүү хардлагыг төрүүлэх шалтгаан болсон биз.

 

үргэлжлэлийг эндээс