Өчигдөр гаргасан шүүхийн хурлын шийдвэрийн талаар Б.Насанбаяр ийм мэдэгдэл  хийжээ.

Монгол Улсын шүүх нэхэмжлэгч тал шүүх хуралд байсаар байтал "нэхэмжлэгч ирээгүй" гэдэг хууль бус шалтгаанаар нэхэмжлэлийг маань буцаасан.
Гэтэл "маргааныг эцэслэв" гэдэг мэдээг 18 мэдээллийн сайтаар тараадаг үнэхээр зохион байгуулалттай мөнгөтэй бүлэг байна.
Би БЗД-ийн шүүхийг холбогдох шүүхэд нь өгч, нэхэмжлэл гаргаснаас хойш намайг элдвээр доромжилсон бүх материалыг дахин бүрдүүлж хэрэг хариуцагчийг дахин шүүхэд дуудах болно.
Манай өмгөөлөгчийн мэдэгдлийг шүүхийн холбогдох хүмүүс шаардаж авахуулчихаад ийм мэдээ цацдаг гэнээ. Шүүх мөнгөтэй хүний гарт очсон нь үнэн юм байна.

Өмгөөлөгчийн МЭДЭГДЭЛ


"Өнөөдөр БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Насанбаярын нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох "иргэний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан арга хэлбэрээр сэргээлгэх" шаардлагатай иргэний хэргийг хэлэлцлээ. Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар оролцлоо. Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч тал болох Э.Цэрэндолгорын өмгөөлөгч нь уг маргаан өргөн цар хүрээтэй, судлах материал ихтэй зэрэг үндэслэлээр “нэмж өмгөөлөгч авах” хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарласан болно.
Гэтэл шүүгч Б.Мандалбаяр нь ИХШХШТХуулийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаалаа гэх тогтоолыг танилцуулав. ИХШХШТХуулийн 100.2-т “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр ... түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заасан байх бөгөөд хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэлийг буцаахад дараах урьдчилсан нөхцөл байдалд бий болсон байхыг шаардаж байна. Үүнд:
1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхыг (нэхэмжлэгчийн өмгөөлөгч би хуралд биечлэн оролцсон. Мөн шүүх нэхэмжлэгч Б.Насанбаярт хурлын товыг мэдэгдэх үүргээ ч биелүүлээгүй),
2. Хариуцагч “... эзгүйд явуулах эсхүл нэхэмжлэлийг буцаах” талаар хүсэлт гаргасан байхыг (хариуцагч талаас тийм хүсэлт огт гаргаагүй бөгөөд өмгөөлөгч нэмж авах л хүсэлтийг гаргасан) тус тус шаардсан байна.
Уг иргэний хэрэг үүсээд жил гаран (2016.02.16) болж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, сэргээлгэхээр шударга ёсны баталгаа болох шүүхэд хандсан боловч шүүхийн урагшгүй ажиллагаанаас болж шүүхийн ажиллагаа удааширч, улмаар ямарч үндэслэлгүйгээр НЭХЭМЖЛЭЛИЙГ БУЦААЖ шийдэж байгаад гомдолтой байна.
Ийм байдлаар асуудалд хандаж, шийдлээс зайлс хийж, хуулийг гуйвуулан тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргаад байвал хэн шүүхэд итгэх вэ? ...
Шүүхийн ийм ойлгомжгүй байдал нь өмгөөлөгч биднийг өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулахад их хүндрэлтэй байна. Энэ асуудал дээр та бүхэн саналаа хуваалцна уу."
Ийм олон сайтад зохион байгуулалттайгаар тавьсан байна. Бүгдийг нь холбогдох газар нь өгнө дөө. Монголын сэтгүүл зүй ийм өчүүхэн байх ч хэлэх үг алга.