Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн бол жолооч та дөрөвдүгээр сард багтаан татвараа төлнө. Энэ нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураалттай холбоотойгоор тавигдаж байгаа татвар юм.

Автомашины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм.

Мөн жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм.