Барилга, хот байгуулалтын сайд өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан. Тус журмын 2.2-т түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс заасан ангилал, квотын дагуу сонгон шалгаруулах ажлыг эрэмбэлж зохион байгуулахаар тусгасан юм.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэргээрээ адил иргэдийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар тус тус ангилна.
Мөн журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоолоо. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Улаанбаатар хотод 2016 оны гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээрдүгээр сарын 1-ний өдрийг дуустал бүртгэж, нийт 2600 орчим иргэний материал журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан байдаг. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мкв гурван өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, гурван сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулах юм байна. Түүнчлэн цахилгаан болон халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм. Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жил хүчин төгөлдөр байх бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа өнгөрсөн сараар дуусгавар болжээ. Хэрвээ дээрх иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй бол ТОСК-с түрээсийн материал бүртгэлийн тов зарлахад нэмэлт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай юм байна. Харин түрээсийн орон сууцны шинэ бүртгэлийн товыг Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлах аж. Бүртгэлийг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийхээр зорилт тавин ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн тухайд
-Залуу гэр бүл
-Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
-Ахмад настан,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
-Төрийн албан хаагч
-Өрх толгойлсон эцэг эх
-18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
-Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдах аж.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд орон сууц худалдан авах боломжгүй юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт иргэд тав хүртэлх жилээр гэрээ байгуулан хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх аж. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар зорилт тавин ажиллаж байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38, 298, 169 дүгээр тогтоолоор нийт 1512 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байна.
Засгийн газрын арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар баталсан 169 дүгээр тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар барьж ашиглалтад оруулсан Улаанбаатар хотод 214, орон нутагт 146, нийт 360 айлын орон сууцыг түрээсэнд хамруулж, м.кв-ын хэмжээг 70 хүртэлх м.кв болгон өөрчилсөн. Үүний дагуу Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Х дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 68,59м.кв 3 өрөө 214 айлын орон сууцны байр болон Дархан-Уул, Хэнтий, Ховд, Увс аймгуудад захиалгаар бариулсан орон сууцны байруудыг тус тус түрээсэнд хамруулан ажиллаж байгаа гэнэ.