Т.САЙХАН

Бид ямар нийгэмд амьдарч байна вэ? Цаасан дээр бичсэнээр бол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм. Гэхдээ энэ нийгмийн мөн чанар, үгийн утга ч одоогийн байгаа байдлаас үнэрдэхгүй байна. Бид өглөө бүр хар бараан мэдээлэлтэй тулах боллоо. Өнөө өглөө /04.03/ гэхэд “СӨХ-ны нэрээр гэрт нь орж, цонхоор нь үсэрч амиа алджээ, Айлын гэр дайрч хоёр хүний аминд хүрлээ, Нүхэнд хүүхэд унаж нас баржээ” гэсэн мэдээлэлтэй Монголын нэгэн өглөө эхлэж байна.

“Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна. Танайд орж шалгах зүйл байна” гэж хэлж ороод гэрийн эзэгтэй цай аягалах зуурт 15 давхрын цонхоор үсрээд амиа хорлосон байх юм. Хохирогч 60 орчим настай эрэгтэй байжээ. Тухайн хохирогч ямар ч шалтгаантайгаар амиа хорлосон бай нас тогтсон монгол эр хүний амь ийм л үнэ цэнэгүй болсон гэдгийг харж болохоор жишээ юм.

Мөн ойрын өдрүүдэд “Хангай” зах орчмоос гадны нөлөөтэй нас барсан эмэгтэйн цогцос олдсон, Эмнэлгийн хашаанд буун дуу гарсан, Сэлэнгэ аймагт хоёр иргэн осгож нас барсан, Завханд төрийн албан хаагч эмэгтэй өөрийгөө шатаасан, ЕБС-ийн хүүхдийг хулгайлахыг завдсан, ХХЕГ-ын офицер охид бүсгүйчүүдийг хуурч мэхлэн хүчинддэг байсан, Мөн Завхан аймагт суман засаг дарга асан боож үхсэн гээд өнгөрсөн хэдхэн өдрийн дотор энэ нийгмийн хар бараан асуудал, гажуудлууд хэдэн хүний халуун амиар тоглочихов доо. Энэ бол энд тэндээс ухаж төнхөж, эрэн хайж олоогүй мэдээлэл. Зүгээр захын сайт руу ороход л гарч ирж байгаа баримтууд юм. Үүний цаана хичнээн олон хэрэг мэдэгдээгүй өнгөрч байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед нийгмийн золиос болж буй гэмт хэрэг олон гарах боллоо.

Завхан аймгийн Идэр суманд төрийн алба хашиж байсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа алдлаа. Улс төрийн увайгүй үйлдэл, намын талцал, завхрал саарал ордноос хальж, хүний эрхийг уландаа гишгэгчдийн гар хөл сумыг хүртэл түйвээгээд эхэлжээ. Сумын амьдрал хичнээн нам гүм, амар амгалан байдаг билээ. Гэтэл тэнд хүн өөрийгөө шатаах хэмжээний асуудал үүссэн байна гэхээр харамсалтай санагдана. Ер нь Монголын нийгэм нэг л болохгүй байгааг эрх баригчид тонгойж харж байгаа болов уу.

Эх сурвалж:www.polit.mn