Түүх тайлалын утгагүйдэлт төгсөж

 Тайлал төгрөгжин, мөр тодорч, мөрд орох нь л үлдэв!...

 

 

 ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГО 

 

“Бодлогын алдаа гэдэг бол төрийн гаргаж болохгүй хамгийн том алдаа.
Энэ бол гэмт хэрэг мөн”[1]
Д.Урианхай

<Маодунь шаньюй гурван бум гаруй нум сумт цэрэгтэй... зэвсэглэл алсын тусгалтайгаас нум сум, ойрынхоос илд, төмөр бариултай жад байна... Маодунь Пинчэн(Датун) хотод Хан улсын хаан Гаодийг өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд саарал морьтой дөрвөн буман морьт цэргээр бүслэжээ[2]...>

Энэхүү эшийн цэргийн тооноос үзэхэд Хүннү гүрний (МЭӨ 209-МЭ II-р зуун) хүн ам нэг сая гурван зуун мянга[3] орчим байсан байна.

Хүннүгийн хүн ам нь Хан улсын нэг мужийн хүн амын тоотой зүйрлэшгүй цөөн боловч Хан улсаас шалтгаалахгүй хувцас, хоолоороо ялгаатай байдгаараа хүчтэй байна. Одоо шаньюй та заншлаа огоорон, Хан улсын юманд дурлаж байна. Хэрэв Хан улсын юмны ердөө аравны хоёр хувь нь Хүннүд ирэхэд л Хүннү бүхэлдээ Хан улсад дагаар орчихно шүү дээ. Хүннү нар Хан улсаас авч байгаа торго, торгон бараагаар хийсэн дээл, өмдийг өвс өргөсөнд хүргэх юм бол урагдчихна, энэ нь арьс эсгий хувцас шиг бөх сайн бус гэдгийг ингээд үзүүлээд өгөгтүн. Хан улсаас авч байгаа идэш хүнс чинь айраг сүү шиг аятай, амттай биш гээд хаягтун[4] хэмээсэн түүхэн сурвалжаас үзэхэд Монголчууд нь сүүлийн хоёр мянга гаруй жилийн түүхэнд Төв болон Зүүн Азид асар том газар нутгийг эзлэсэн хүчирхэг цэрэг армитай, бие даасан иргэншил, ахуй соёлтой байсныг гэрчлэх бөгөөд тэр ч байтугай дэлхийн өөр бусад улс орны түүхэнд дахин үл давтагдах олон зууны турш дэлхий дахиныг байлдан дагуулж эрхшээж ирсэн үндэстэн юм. Их Юань гүрэн унаж Монголчуудын хоёрдугаар дэлхийн байлдан дагуулалт хумигдсан ч 1691 оноос өмнө Цагаан хэрэмнээс хойшхи Монгол туургатан 12 сая[5] байжээ.

Гэтэл бид яагаад ийм цөөхүүлээ үлдэв? Өнөөгийн Монгол улс нь хоёр мянганы түүхнээ харьцуулахад хамгийн бага газар нутагтай, соёл, хөгжил, хүн амын тоогоор нэн цөөн нэн буурай хөрш орнуудаасаа огц тасархай хоцрогдон үлджээ.

Манай үгүүлэл дараах гурван зүйлийг мөрдлөг болгоно. Үүнд:

1. Их Монголын тулгар нээсэн эзэн Чингис Богд Тайцзу хааны удам залгамжлагч Лигдэн хутагт хааны бодлого үйлс нь Монголын Төрийн Бодлогыг бүрэн төлөөлнө гэж үзнэ!

2. 2000 гаран жилийн Төрт ёсны түүхтэй Монголын түүхийг 14-р зуунаас эхтэй Төвдийн шарын шашны түүхээр бичих үндэслэлгүй тул Монгол Улсын албан ёсны түүхийн сурвалж ашигласан болно!

3. Их Монголын бүрэлдүүнд байсан нутгаас 1924 онд зөвхөн Төв Халхын газар нутгийн ихэнх хэсэг БНМАУ болон тогтносон учир Халх Монголын түүхийг "төв" болгон бичнэ!

Бид хүн ам, нийгмийн хөгжил, соёлоороо урьдын түүхэндээ байгаагүйгээр хөрш болон бусад орнуудаас олон арван сая дахин хоцрогдсоны шалтгаанд хоёр зүйл байна.

  1. Их Монгол гүрэн задрахад Монгол газар нутаг, хүн ард нь тусгаарлагдан алдагдсан.
  2. Гадны өш хорсол, дотоодын хагарал тэмцэл үргэлжилсээр 200 гаран жилийн Манж-Хятадын дарлал мөлжлөгөд байсан нь бид цөөхүүлээ үлдэхийн үндсэн шалтгаан болсон.

Эдгээрийг дэлгэрүүлвэл:

1368 онд Юань улс унаж түүнээс хойш Батмөнх (1466-1504) даян хааны төр барьсан дөч шахам жилийн намжмал байдлыг эс тооцвол Монголчуудын өөр хоорондын тэмцэл даамжирсаар, 1636 онд Өвөр Монгол, 1691 онд Халх Монгол, 1755-1758 онд Ойрад Монгол буюу Зүүн гар хаант улс Манжид эзлэгдэн харийн эрхшээлд орсон юм.

Манж улс нь Их Монголын эсрэг 130 гаруй жил[6] үргэлжилсэн улс төр, үзэл суртал, цэрэг дайны ажиллагаа явуулсны “үр” дүнд эзлэн авчээ. Энэхүү цаг хугацаа, газар нутгийн хувьд өргөн далайцтай цэрэг дайны ажиллагаагаа Манжийн хаан Нурхач (1575-1626) томъёолохдоо:

“Монголчууд энэ үүлтэй адил. Үүл бөөгнөрвөл бороо ордог. Монголчууд цуглавал цэрэг болно. Үүл сарнивал бороо зогсоно. Бид Монголчуудын хүчийг сарнихыг хүлээж чадвал тэднийг буулган авч чадна[7] гээд Монголчуудыг дотроос нь задлан, хүчийг нь тарамдуулж, цувуулан эзлэх бодлогыг эрчимтэйгээр явуулсан байдаг.

Тэд яаж чадав? Бид юун дээр алдав? Яаж гэдэгт тэд хүчирхэх, ятгах, тэтгэх мэтийн зүйл бүрийн хорт олон арга хэрэглэж, бид дараах хоёр зүйл дээр алдсан байна. Үүнд: 

            Нэг. Их Монголын хаан ширээнд суусан Лигдэн хутагт (1592-1634) хааныг Халх дэмжиж амжаагүй! Ойрад дагаар оролгүй тусгаарлан тэрсэлсэн! нэгдмэл бус байдлыг Манжууд овжин ашигласан байдлыг үгүүлэхэд:

1619 онд Манжийн хаан Нурхачид явуулсан бичигтээ Лигдэн хаан өөрийн биеийг дөчин түмэн олныг захирсан Монгол улсын эзэн баатар Чингис гээд Манжийн хааныг мөрөн голын хөвөөнд суудаг гурван түмэнийг захирсан өчүүхэн хаан гэсэнд Нурхач: “Цахар хаан чиний илгээсэн бичигт дөчин түмэн Монгол улсын эзэн баатар Чингис хаан, Мөрний гурван түмэн Манж улсын эзэн хаанд илгээсэн хэмээн бичжүхүй. Танай дөчин түмэн Монгол улсын олныг надад юунд гайхуулмуй. Би сонсвол танай их нийслэл хотыг Дай-Мин улсын Хун-ү хаанд автагдах үед дөчин түмэн Монголыг цөм эзэлж, гагцхүү зургаан түмэн буруулан гарсан хэмээн сонссон. Тэрхүү зургаан түмэн Монгол цөм чамд үгүй болой. Ордос нэгэн түмэн, арван хоёр Түмэд нэгэн түмэн, Асуд, Юншээбү, Харчин нэг түмэн, тэрхүү баруун гарын гурван түмэн улс чамд хамаагүй өвөрчлөн явах улс болой. Эл зүүн гарын гурван түмэн улс цөм чиний болой. Гурван түмэн улс бүхий атал дөчин түмэн хэмээн эртний үгээр бардамнаж, миний улсыг хомс, ганцаар гурван түмэн хэмээн доромжлохыг тэнгэр газар үл мэдэх ёс буй буюу[8] хэмээн хариу захиа илгээсэн байдаг.

            Захидалаас харахад шинэ идэрхэг Манж улс, нөгөө талд албатууд нь тусгаарлах үзэл барьсанаас болж суларсан Монголын сүүлчийн хаан Лигдэн хутагт 1634 онд Хөх нуурын Шар талд 43 насандаа хорлогдон тэнгэрт хальж (Их хааныг түүхэнд цэцэг өвчнөөр хальсан[9], хорлогдсон гэж хоёр янзаар бичдэг[10]) Монголын төр эзэнгүйдэн эл хуль болоход, Эзэн Богд Чингис хааны төрийн Их Хасбуу тамгыг Манжууд атгасан гэх худал цуу тарааж байжээ.

                1636 онд Өвөр Монгол Манжид эзлэгдэн, Манжийн хаан Абахай өөрийгөө Монголын хаанд өргөмжлөн[11] улсын нэрийг Чин буюу “ариун” хэмээн нэрлэжээ. Ингээд Манж Чин улс 1646 онд Мин улс буюу Хятадыг эзлэж[12], 1720 онд Төвдийг эзлэсэн[13], тэр үед Сибирийг бүрэн эзлэх зорилт тавьсан хаант Оросын Халх Монголыг хойноос нь шахах бодлого[14], 1689 онд Нирчу хотод Орос-Манжийн найрамдлын гэрээ байгуулж Орос улс Монголд цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхгүй болсон[15] зэрэг нөхцөлүүдээс харахад үзэл суртал, эдийн засаг, цэрэг түшицийн хувьд давуу болсон Манж Чинд дотоод хагаралдаа идэгдсэн Халх, Ойрад Монголчуудыг дагаар оруулан авах нь цаг хугацааны асуудал болон үлджээ.

 

Хоёр. Тухайн үед Чингис хааны Алтан ургийн угсааны хаадын эсрэг Ойрадын тайши, хан, жинон нарын өвөр зуурын тэмцэлдээн[16]:

Их Монголыг нэгтгэх болон тусгаарлахын төлөөх тэмцэлд Манж Чин болон Ойрадууд, Халх Монголын Уламжлалт Бурханы шашин буюу монгол хэл бичиг соёлын эсрэг харь төвтэй буюу Төвд төвтэй шарын шашны урсгалыг урвуулан ашигласан нь Монгол үндэстэнд үндэсний дарлал үйлдэхэд нь “үр дүнтэй” хэрэглэгдүүн болжээ. Энэ нь маш том сэдэв учир товч үгүүлэх нь: (Варанаси нийгэмлэгээс удахгүй эрхлэн гаргах “Соёмбо Зоёди Барбароссаг сөхөөв” номноос дэлгэрэнгүй үзнэ үү)

                Бурханы шашин нь Шагжаан Чадагч (МЭӨ 556-476 он) Бурханы айлдсан өдгөө хүн төрөлхтөнд өвлөгдөж ирсэн 5586[17] бүтээл 1140 боть зарлиг дээр тогтдог. “Монголын Уламжлалт Бурханы шашин”-ы түүх МЭӨ III-р зуунаас эхтэй. Энэхүү олон зууны уламжлалтай санскрит хэлнээс монгол хэлэнд орчуулсан Бурханы айлдсан зарлигийн эмхэтгэл буюу “Монгол Ганжуур”-ын 113 хэлмэли ботийг 1628-1629 онуудад Лигдэн хутагт хааны зарлигаар Гунгаа-Одсэр тэргүүтэй 35 хэлмэрч гүүш нар эмхэтгэн барлаж алт мөнгөөр бүтээсэн байдаг. Үүгээрээ Монголчууд Бурханы зарлигаа Халх Монголыг төв болгосон, "Үндэсний шашин" болгох суурь нөхцөл хангагдаж, Бурханы зарлигийг Монголын Үндэсний шашин болгон дэлгэрүүлж, үндэстнийг нэгтгэх “оюун санааны” их удирдагчийг хүлээсэн үе юм. Энэ нь чухам юу гэсэн үг вэ гэхээр дүйлгэж ойлговол Хөхнуур Гүнбүмд лам Зонхова Лувсандагва (1357-1419), Хятадад аяга тахимлаг Хүй Нөн (638-713), аяга тахимлаг Ринзайн дэг (866), хуврага Тансан (596-664), Японд Сото Зэнг үндэслэгч аяга тахимлаг Доген (1200-1253), тэгвэл Монголд хэн бэ?

Халхын хоёр ханы нэг Сэцэн хан Шолой Гэгээн (1577-1652) Түшээт хан Гомбодоржийн (1594-1655) нутагт хоёр ч удаа хүрэлцэн ирж Түшээт ханы жирэмсэн хатнаас хүү төрвөл Халхын шашны тэргүүн болгохыг зөвлөсөн ба дараа дахин ирж шинэ төрсөн хүүд өөрийн “Гэгээн” цолоо өргөхөөр болж гурван төмөр бүслүүртэй өлгий өгсөн байдаг. Ингээд 1640 онд Түшээт ханы хүү Занабазар (1635-1723)-ыг 5 настайд нь Халхын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөв.[18]

Эндээс юу тодорхой байна гэвэл Өндөр Гэгээн бол Монголын Алтан ургийн Уламжлалт Бурханы шашны соёлыг хөгжүүлэн уламжлах үүрэгтэй “Гэгээн” цолтой шашны тэргүүн болжээ.

Иймд түүний боловсролд онцгой анхаарч Гэгээнтэнг мэндлэх үед Энэтхэгээс рид хувилгаан хүчээр ирсэн гэх Чулуун хуруут гэхчилэн Өндөр гэгээний намтарт дурдагддаг 5 Азараар ном заалгаж[19] Бурханы зарлигийн утганд онцгой нэвтэрчээ. Өндөр гэгээн “үүрэг даалгавар”-аа давуулан биелүүлж Хүннүгийн үеэс дэлгэрсэн Бурханы зарлигийн Монгол уламжлалыг улам өндөрт хөгжүүлж чадсан нь түүний бичиг үсэг, уран барилга, баримал, уран зураг зэрэг бүтээл бүхнээс нь илхэн байдаг билээ.

Ийнхүү Халх Монголыг соёлын хувьд туурга тусгаар бие даан өрсөлдөгч соёлуудаас ч хол илүү хөгжүүлснээрээ Хуврага Занабазар нь Манж-Хятадын болон Төвдийн толгой ноёд, Төвд төвтэй үзлийг баримталж байсан Ойрадын Галдан (1644-1697) тэргүүтний хувьд “тэвчишгүй” хүн болжээ. Манжийн зүгээс турхирч Төвдүүд дунд нь яс хаян хагаралдуулснаар, Ойрадын Галдан, Өндөр Гэгээний толгойг авахаар улайрч, Өндөр Гэгээний болон “Монголын Уламжлалт Бурханы шашин” соёлын гол төвүүд болсон Эрдэнэ зуу, Сарьдагийн сүмийг эвдэж, Манж хаан цагаа болоход Өндөр Гэгээнийг егүүтгэсний шалтгаан нь энэ болсоныг үгүйсгэх аргагүй байна! 

Энэ тухай түүхэн эшид: Галдан Халхад цөмөрч Өндөр Гэгээний бүтээл туурьвалын гол сан хөмрөгийг хадгалж байсан Эрдэнэ зуу, Сарьдагийн сүмийг эвдэж[20], нэхэн хөөсөөр Өндөр гэгээнийг Манжийн нутагт ороход Галдан элч Жирон хутагтаараа дамжуулан Манжийн хаанд: “Түшээт хан Чахундорж, Өндөр Гэгээнийг нэхэмжлэн явсаар даруй ташаархад хүрчихүй. Түшээт ханыг нэхэх газаргүй. Өндөр Гэгээнийг түүний багш Далай ламд хүргүүлбэл маш нүүртэй болмуй[21] гэжээ. 

Мөн Төвдийн див[22] Санжайжамц, Шамбилин хутагт гэгчийг Далай ламын элч болгон Манжийн хаанд явуулж Галданы шаардаж байгаа ёсоор “...гагцхүү Далай ламын шашныг доромжилсон Занабазар, мөн өшөөт хүн Түшээт хан Чахундорж хоёрыг түүнд тавьж өгвөл хамаг хэрэг барагдаж, шашин амьтанд тус болно[23]" гэх зэргээр хэлүүлж, Галданд туслахыг оролдсон боловч Энх-Амгалан буюу Сюанъэ хаан түүнийг эрс буруушаан, Далай ламыг ихэд зэмлэсэн хариу бичиг явуулж байжээ.

Галдан Бошигт Хэрэв Түшээт хан, Өндөр гэгээн нарыг түүнд тавьж өгөхийг хүсэхгүй бол түүгээр тэр хоёрыг цаазлан алах ба тийнхүү алах үест Галдан төлөөлөгчөө эрхбиш байлгахыг шаардажээ”. Бүр сүүлдээ зөвхөн Өндөр Гэгээнийг Далай ламын дэргэд хүргэхийг шаардах болжээ![24]. Өнгөц харахад Өндөр Гэгээний араас “утгагүй” улайрах мэт харагдав ч дээр дурдсан шалтгаан цаана нь байсан байх үндэстэй байна.

Энэ мэт олон баримтаас: Их эзэн Чингис хааны дүү хавт Хасарын үр Ойрадын хаан Очиртыг хүргэн Галдан бошигт унагаж, Галдан нь Алтан ураг, хаан язгуур үгүй боловч, Монголын бүрэлдүүнээс гарч тусгаарлах гэсэн Төвдийн V-р Далай лам, Ванчин Эрдэнэ лам, див Санжаажамц нарын ятгалага, Монголыг Монголоор нь цохиулах “уламжлалт” бодлогыг хэрэгжүүлж байсан Манж хаадын “бодлогын хүү” нь болж, Эзэн Чингис хааны “зөвхөн Алтан ургийнхан Монголын болон Монголын бүрэлдүүн улсын хаан байна” гэсэн Их засаг хуулийг зөрчин Ойрад Монголын хаанд өөрийгөө өргөмжилсөн[25] байна. Үүгээр зогсохгүй Төвдийн шарын шашныг Халх Монголд дэлгэрүүлж, Халх Ойрадын 18 жилийн[26] дайныг өдөөн, Халхыг Ойрадоор нь мөхөөлгөж, Халхын Алтан ургийн ноёд Чахундорж, Сэцэн хан болон шашны тэргүүн хуврага Өндөр Гэгээн нарыг Манжийн нутагт зугтан “олзлогдоход” хүргэсэн гэдэг нь тодорхой байна.

Галдангийн эндүү балаг үүгээр дуусаагүй бөгөөд Галдан зүүн тийш Халх Монголд цөмөрхөд хойгуур нь түүний ах Сэнгийн хөвгүүн Цэвээнравдан Ойрад Монголын Хаан ширээнд суужээ[27]. Галдан нь Ойрадын хаан ч биш, Халхад, Халх Монголын Алтан ургийнханаас түүнийг хүлээн зөвшөөрсөн нэг ч хан, ноён байгаагүй билээ.

Галдан мөчид бодлогоор Манж, Төвд ноёдын бодлогын хүү болон Халх Монголд аймшиггүйгээр халдан алдас гаргасан нь эцэстээ Халхын нутгийг Галданы эсрэг Манжийн дайны талбар болгосон байна! Халхын нутаг олон арван жилийн Ойрад-Халхын дайн, дараа нь Манж-Ойрадын дайны хөлд талхлагдан хүн ард нь хөнөөгдөн, соёл шашин нь түйвээгдэж, дайны зардалд энгийн ардууд шулуулан үгүйрчээ гэдэг нь тодорхой байдаг. Эцэстээ Галдан, Манжид ялагдан Ойрадын ардууд олноор Манжийн цэрэгт хядагдан, өнө удаан дайны хөлд туйлдаж, Халх-Ойрад нь Манжийн эрхшээлд сөгдөж 200 гаран жилийн турш үндэстний хувьд мөхлийн ирмэгт тултлаа “үндэсний дарлал”-д нэрвэгдсэн юм.

Тэр үед Төвдийн ноёд нь Манжийн адил Халх, Ойрадын хагаралыг “тэтгэх” бодлого явуулсан бөгөөд үүгээрээ Төвдийн ноёд угаас хуурмаггүй Бурханы зарлигийг мэтгэн тэмцэхээс бус цэрэг захирч улсыг засах ухаан үгүй гэдгээ баталсан хэрэг юм! Төвдийн ноёд Төвдийг нэгтгэж, хэл соёлыг нь дэмжиж өгсөн, Монголын төрийг унагахад Манжтай хамтран Халх-Ойрадын хагаралыг өдөөж, Ойрадын бүрэлдүүнээс гарч тусгаар тогтнох гэж оролдоод, эцэстээ Манж Чингийн нэг хэсэг болон үндэстний хувьд 700 гаруй жилийн турш тусгаар тогтносонгүй. Тэдэнд одоо шид илбэсийн гайхамшиг тохиодоггүй л юм бол ирээдүй нь нэн тодорхой болсон билээ. Энэ байдал нь тэдний өөрсдийнх нь “том” алдаа! Халх, Ойрадын хагаралыг өдөөн дэмжсэн эндүү бодлогынх нь үр дүн юм!

Цагийн жамаар Их Юань улсыг Мин унагаж, Манж Чин Өвөр Монголыг дагаар оруулаад Мин улсыг унагаж, Манжийн болон Төвдийн ноёд Ойрд-Халхыг хагаралдуулан, Ойрад нь Халхыг бөхөөж, Манж, Ойрадыг мөхөөж, эцэст нь Манж Чин даяарыг эрхшээн 233 жил Халхыг дарлажээ.

"Хүн ам зүйн бодлого” сэдвийн дор юунд эдгээрийг дурьдав? гэхээр, Галдан Бошигтод ганцаараа үнэнч үлдсэн гэгдэх Данжилагийн халаглан хэлсэн гэх үг хариулт болох юм! Тэрээр: “Чи ямагт Зонховын шашны тул явмуй хэмээн явсаар дөрвөн Өөлд(Ойрад), долоон хошууны Халхыг дуусгав! Чиний улс эвдрээд эцэг хөвгүүн, эр эм салав. Манай биес угаас эцэст хүртэл чамайг дагаж чиний санааны дураар явсаар Зонховын шашинд мөн ч тусалсан газаргүй. Харин ч хилэнц үйлдэв за. Бид чиний бурууг мэдээд дуугарсангүй. Эдүгээ хүлцэж чадахгүй тэчьядах тул гаргаж хэлмүй”. Галдан дуугарсангүй[28] гэжээ. Үүнээс харахад Галдан өөр үзэл барьж, хуврага Өндөр Гэгээн Монголын Уламжлалт Бурханы шашны “Халх” төвтэй уламжлалт урсгалаа хөгжүүлэх зорилготой байснаас Ойрадын Галдан, Халхыг дайлахдаа Өндөр Гэгээн, түүний бүтээлрүү онилох нэг шалтгаан болжээ.

Ер Үндэсний үзэл, үндэсний хэл бичиг төвтэй шашин, түүн дээр тогтох гүн ухаан, хэл, соёл, зан заншил зэрэг эдгээр нөхцөл бүрэлдэн байж үндэстэн, улс орон бэхжих бөгөөд энэ нь суларвал “Нүүдэлчин ардын хүүхэд өрсөлдөгч соёлтнуудад уусан алга болно. Монголчууд зуун жилийн дараа үгүй болно[29] (Р.А.Рупен, 1950) гэх мэтийн“мөрий” биелэлээ олох болдог байх нь. Өндөр Гэгээний шашны бодлого буюу Монгол үндэсний төвтэй байхын ач холбогдлыг товч дурдвал:

            Нэг. 1992 оны Үндсэн хуулиар шүтэх эс шүтэх эрхтэй болсоноор шашин дэлгэрч байна гэх боловч Бурханы сургаалийн гол утга чанар болсон Винай (ёс суртахуун, явдал мөр), Дияан (сэтгэлийн ариусал), Билиг билгүүн (оюун ухаан) манай нийгэмд дэлгэрсэн гэхэд нэн хэцүү. Өнөөгийн нийгэм маань шашин шүтэхийг хориглож асан Социалист нийгмээсээ ч тоо болон зэрлэг балмадаараа илүү хүнд болон онц хүнд гэмт хэргүүд олноор үйлдэгдэн, нийгмийн бие сэтгэц, оюун санааны өвчлөл, амиа хорлолт, архидалт, хар, цагаан тамхи, ураг хөндөлт хяналтаас хэдийн гарчээ...!!

Ийм нөхцөлд Монголын сүм хийдүүдээс нийгэмдээ ухуулан гэгээрүүлэх ажил хэр хэмжээнд хийдэг билээ? Нийгэм хүнээ хүмүүжүүлэх хамгийн хоцрогдсон үр дүн муутай эцсийн арга болсон хуулиар л зохицуулахыг оролдож байна. Дэлхийд нэг сая хүнтэй боловч гэмт хэргийн гаралт манайх шиг өндөр хот цөөхөн!

          Хоёр. Манжууд харь төвтэй буюу Чин улсын төрийн шашин[30] Гэлүгваг Монголд тулгасанаар 230 жилийн дотор ямар байдалтай болгосныг 1691-1924 оны Монголын түүхээс бид мэднэ. 1990 оноос хойш ч арга барил нь нэг л сайн идээшсэнгүй! 3 сая хүнтэй Монголын нийт ажиллах хүч 1 сая хоёр зуун мянгаас 847.8[31] мянга нь төвлөрч буй Улаанбаатар хотод 2016 оны байдлаар үйл ажиллагаа явуулдаг Бурханы шашны 41[32] сүм хийд, Христийн шашны 128[33] сүм, бусад шашны 13 төв байна.

Харин Улсын хэмжээнд 2016 оны байдлаар Бурханы шашны 139[34] сүм хийд, эдгээрт монгол хэл бичиг хориглогдсон хэвээрээ бөгөөд, ард иргэдэд Бурханы зарлигийг тайлбарлан таниулах гол үйлсээ бараг хийдэггүй гэхэд болох ба Төвдийн уламжлалт шашны сургалттай гадаад дотоодын хөрөнгө оруулалттай 15 орчим төв, Монголын уламжлалт Монгол Ганжуур хөтлөгддөг 1 төв байгаа бол, 2010 оны байдлаар Христийн 330[35] сүм, төрийн бус 47 байгууллага, 2016 оны байдлаар 450[36] сүм, салбар чуулган, цуглаан тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ юу гэсэн үг болох, үүний хэтийн үр дагаварыг учир мэдэх хүмүүс тунгаана бизээ.

Үндэсний шашин нь үндэсний хэв шинжээ олж бүрэлдэхгүй харь хэл дээр байгаагаас Бурханы сургаалийг нийгэмд түгээн ойлгуулах үүргээ биелүүлж чадахгүй, арга барилын хувьд өрсөлдөх чадваргүйгээс үүдэн манай нийгмийн үзүүлэлтүүд уруудаж, уналт нь улам бүр даамжирах төлөвтэй байна. Энэ нь хэтдээ манай улсын цөөн хүн амтай ч оюун санааны хувьд нэгдмэл байх давуу талыг сулруулах юм. Уг нь 3 байтугай 23 сая хүн амтай Тайваны хоолойн районы хүн амын 93%[37] нь Бурханы шавь байж “зангидсан гар” шиг байгаа жишээ илхэнээ байна шүү дээ.

            Гурав: Монголын Бурханы шашны тэргүүн хуврага Өндөр Гэгээний бодлого бол Монгол-Энэтхэг-Төвд гурван хэлийг нэг дор тэмдэглэж болох 90 тэмдэг бүхий Соёмбо бичгийг 30 жилийн турш боловсруулан Лигдэн Хутагт хааны “Монгол Ганжуур”-ыг дахин төвд, санскрид эхтэй тулган Соёмбо бичигт буулгаж байснаас[38] үзэхэд, бичиг зохиосныг нь, гэгээнтнийг Алтан ургийн хүн гэдгийг нь бодоход! түүний ямар бодлого барьж байсныг таахад тийм ч хэцүү биш!. Бичиг үсэг зохионо гэдэгт геополитикийн санаархал байсан гэсэн үг.

Өндөр Гэгээний эрдэм нь ч өндөр, зорилго нь ч өндөр ажээ

Өндөр Гэгээний эрмэлзэл “амбиц” бол Дэлхийн хамгийн их хүн ардтай, хамгийн том тив Ази, түүний гүн ухаан, соёлын гол ундарга болсон Шагжамүни Бурханы зарлиг “Ганжуур”-ыг бусад номт орны хэлэнд хөрвөж, эргэлтэнд орж чадах монгол хэл (Соёмбо) бичигт төвлөрүүлэх! Өөрөөр хэлвэл, Соёмбо бичиг бол Халх Монгол төвтэй Төвд, Энэтхэгийг бүрэлдүүндээ багтаасан Эзэнт гүрнийг дахин байгуулах Монголын төрийн захиалга байсан бөгөөд энэ захиалга Халх Монголын хан болон Монголын Могулын Эзэнт гүрний хаанаас Чулуун Хуруут азараар дамжин Өндөр Гэгээнд ирсэн байжээ гэдгийг түүний бүтээл, бичиг үсэг нь батлаж байна. Тухайн улсын үндэсний шашин, хуврагын аймаг нь төр улс, ард түмэндээ ийнхүү үйлчилдэг нь Байлдан дагуулагч төрт улсуудад тогтсон ёс байдаг билээ.

үргэлжлэлийг 2/6-с уншина уу


[1] Д.Урианхай. “Боть сэтгэл, эв хамт ёс, Ганцаарчилсан Хөдөлгөөний улс төрийн үзэл онолын “Очир” Үнэнээс цогцолсон Зэндмэнэ”. II дэвтэр. УБ.,2005. тал 97 

[2] Г.Сүхбаатар. “Монголын эртний түүх судлал” V боть, УБ.,2008. тал 20.

[3] Мөн тэнд

[4] Г.Сүхбаатар. “Монголын эртний түүх судлал” V боть, УБ.,2008. тал 23

[5] Д.Болдбаатар. Хэл шинжлэлийн ухааны доктор. Ярилцлага, 2016.

[6] ”Монгол улсын түүх” IV боть. УБ.,2003. тал 176

[7] ”Монгол улсын түүх” IV боть. УБ.,2003. тал 62

[8] Ш.Нацагдорж. Манжийн эршээлд байсан үеийн Халхын түүх.1691-1911. УБ.,1963. тал 22. 

[9] Монгол улсын түүх, IV боть. УБ.,2003. тал 65.

[10] XVII-XX зууны эхэн үеийн Монголчууд. Монсудар хэвлэл. УБ.,2014. тал 81 

[11] Ш.Нацагдорж. Манжийн эршээлд байсан үеийн Халхын түүх.1691-1911. УБ.,1963. тал 70.

[12] Монгол улсын түүх, IV боть. УБ.,2003. тал 164.

[13] Мөн тэнд

[14] Мөн тэнд

[15] Мөн тэнд

[16] Ш.Нацагдорж. Манжийн эршээлд байсан үеийн Халхын түүх.1691-1911. УБ.,1963. тал 9.

[17] “Бурхан багшийн сургаал” Бүккё Дэндо Кёкай нийгэмлэг. Н.Энхбаярын орчуулга. Tokyo, Japan.,1991. тал 299. 

[18] “Монгол улсын түүх”. IV боть. УБ.,2003. тал 108.

[19] Л.Хүрэлбаатар. Огторгуйн цагаан гарди. 1 боть, УБ.,1996. тал 15.

[20] “Монгол улсын түүх”. IV боть. УБ.,2003. тал 117

[21] Мөн тэнд. 

[22] Див гэж Далай ламын дэргэд түүний аливаа хэргийг эрхлэн шийтгэх тушаалын хүнийг хэлнэ.(Ш.Нацагдорж, Халхын түүх. тал 48)

[23] Ш.Нацагдорж. Манжийн эршээлд байсан үеийн Халхын түүх.1691-1911. УБ.,1963. тал 49.

[24] “Монгол улсын түүх”. IV боть. УБ.,2003. тал 125 

Үргэлжлэлийг http://varanasi.mn-c