Төрийн орон сууцны корпораци түрээсийн орон сууц, нээлттэй борлуалалт нэрийдлээр нэлээд ашиг сонирхлын зөрчилтэй ажил хийдэг нь тодорч эхэллээ.
 
Тухайлбал, түрээсийн орон сууцанд иргэдийг сугалаагаар бүртгэх нэрийдлээр нэлээд авлига оруулдаг байж болзошгүй юм билээ. Үүнийг батлах мэт Авлигатай тэмцэх газраас ТОСК-д бичиг хүргүүлсэн байна. Тухайлбал, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа.
 
Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах явцад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өмнө нь ирүүлсэн гомдол, мэдээллийн 80 гаруй хувийг Төрөөс орон сууцны талаар баримталж буй үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй түрээсийн орон сууцтай холбоотой асуудал эзэлж байсан байгаа юм байна.
 

Тиймээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан чиг үүргийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар батлагдсан "Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд түрээсийн орон сууцтай холбоотой үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байлгах, түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан гаргасан хөрөнгө, оруулалтыг зориулалтын дагуу захиран зарцуулах, түрээсийн орон сууцыг бусдад дамжуулан түрээслүүлсэн, хөлслүүлсэн зэрэг журамд заасан хориг тавих хэрэгтэй. гэж "Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-т зөвлөмж  хүргүүлээд байна.

Учир нь ТОСК нэлээд орон сууц борлуулж, түрээслүүлж байгаа ч мэдээлэл нь хаалттай шахуу бий. Ингэхдээ учир битүүлгээр үйл ажиллагаа явуулж буй. Яг зорилтод бүлгийнхэнд энэ тухай мэдээлэл хүргэхгүй байгаа аж. Мөн үүнээс гадна нэг байр борлуулахдаа нэг хүнээс гурван сая төгрөгийн авлига авч, танил тал найз нөхдөө орон сууцтай болгож байна гэх мэдээлэл гарсан байгаа. Үүнийг ч мөн АТГ шалгах биз ээ. 

Г.Нар